Шууд Chart

Ц.Элбэгдорж: Бидний их өвөг дээдэс “Эцгээс үүдэж эхээс унасан өдрөө олж хүндэлж яв” хэмээн сургасан

2013-11-04 14:43:32

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномыг өнөөдөр Чингис хаан одонгоор шагнав. Чингис хаан одонг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
            Хүндэт хатагтай, ноёд оо,
 
Монгол төрийн өргөө, хоймроос Их Эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг ард түмэндээ болон дэлхий даяар тархан сууршсан монголчууддаа хүргэж байна. Мөн манай улстай найрсаг харилцаатай улс орон, олон улсын байгууллагын элч төлөөлөгчид, Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран зүтгэж байгаа хүн бүрт энэ баярын өдрийн халуун мэндийг хүргэе.
 
Бид өнгөрсөн жил Их Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн тэгш ойг зон олноороо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх болсон. Ийнхүү өнөөдөр бид Тулгар төрийнхөө 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдрөө тэмдэглэж байна.
 
Бидний их өвөг дээдэс “Эцгээс үүдэж эхээс унасан өдрөө олж хүндэлж яв” хэмээн сургасан. Өнөөдөр Монголчуудын бахархлын өдөр. Өнөөдөр Их эзэн Чингис Хааны өдөр. Их эзэн Богд Чингис бол Монгол түмний хаан бахархал юм. Тэр бол газрын зовлонг гаталж тэнгэрт тэтгэгдсэн монгол хүн.
 
Монголчууд бол их өвөг дээдэстэй, бахархам түүхтэй, бүтээлч өнөөдөртэй, гэрэлт ирээдүйтэй ард түмэн. Бидний бахархал бол Монгол үндэстний үе үеийнхний бүтээсэн үнэт зүйл, өвөрмөц түүх соёл юм. Бидний бахархал бол Монгол эх орон түүний тусгаар тогтнол, бие даасан байдал, хөгжил дэвшил юм. Бидний бахархал бол өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй үе маань юм. Ийм учраас бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их өвөг дээдэстээ залбирч, өнөөдрөө цэгнэж, ирээдүйгээ шинждэг юм.
 
Бидний өмнөх үеийнхэн биднийг харж байгаа гэдэгт би итгэдэг. Тиймээс энэ өдөр Монгол хүн бүр монголоороо бахархаж ахмад үеэ баярлуулж, хийсэн бүтээснээ цэгнэж, хийх бүтээхээ бодож төлөвлөх өдөр юм. Өнөөдөр Монгол төрийн түүхэнд ч чухал өдөр. Монгол төрийн дээд хүндэтгэл Чингис хааны одон гардуулах ёслол энэ өдөр тохиож байгаа юм. Монгол бахархлын энэ өдөр Монгол төрийн дээд одон гардуулах ёслол давхцан тохиох энэ шийдлийг Монгол Улсын Их Хурал жилийн өмнө хуульчлантунхагласан юм. Чингис хааны одонгоор манай улсын чимэг болсон нэр хүндтэй зүтгэлтнүүд шагнагдаж ирсэн. Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл нар Монгол төрийн энэ дээд хүндэтгэлийг хүлээсэн юм. Өнөөдөр Монгол төрийн энэ хүндэтгэлийг манай төр нийгмийн ахмад зүтгэлтэн Алтан Чой овогт Думаагийн Содном гуайд үзүүлэхээр би шийдвэрлэлээ.
 
Содном гуай бол малчны борог амьдрал дунд төрж, их говийн хээлэнд ээж, ах дүүтэйгээ амьдралын хатуу хүтүүг багаасаа туулж өссөн хүн. Содном гуайн аав Чойжамц улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан халуун эх оронч.
 
Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас наян насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.
 
Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн.
 
Монгол Улсын дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг Монгол түмнийхээ баяр, бахархлын энэ өдөр Алтан Чой овогт Думаагийн Содном танд гардуулах төрийн ёслолын ажиллагаа ийнхүү эхэлж байна. Танд болон таны үр хүүхэд, ач, зээ, ойр дотны бүх хүмүүст хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээгээ.
Нийтэлсэн: Web admin

Ц.Элбэгдорж: Бидний их өвөг дээдэс “Эцгээс үүдэж эхээс унасан өдрөө олж хүндэлж яв” хэмээн сургасан  
Үзсэн: 2558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-05 08:54
хэдхэн хүн л бахархал гэж бантагнуулах шив дээ. Монгол түмэнд хүртээлтэй бахархмаар юм байсангүй дээ. Чингисийн төрсөн өдөр ч гэх шиг. өнөөх ТВ -нүүд тэр хэдхэн амьтадаасаа өөр шууд харуулчих юм байхгүй Чингисийн төрсөн өдөр гэж орилохоос өөр юм байдаггүй. Чингис хаан шиг байж чадахгүй ч нэрийг нь элдэв балай үйлдэлдээ бүү ашиглаад байгаа ч ээ. Төрийн нэр барьсан жүжигчид минь. луйварчид минь. Монгол хүний бахархал болохоор юм хийгээч. Өлсөж зүдэрсэн түмэн олныг минь тавлаж байгаа юм шиг хэлхийсэн хэлхийсэн өөрсөддөө зохиогүй том том торго дурдан дээл, ямар улсынх нь мэдэгдэхгүй хачин хачин малгай гутал жүжгийн юм шиг өмсчихөөд л хөөсөө сахартал сагацгаах юм. Төрийн ордны хэдийн л бахархал болсон доо.

Бидэнтэй нэгдээрэй