Шууд Chart

Өвлийн универсиад наадмын 9 дэх өдрийн тойм

2017-02-08 09:00:00

Бага олимп гэгддэг оюутны спортын универсиад наадам Казакстаны Алмата хотноо 9 дэх өдрөө үргэлжиллээ. ОУОСХ-оос өвлийн универсиад наадмыг 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. 28 дахь удаагийн универсиад наадмын 9 дэх өдөр уулын цанын спортын туг сүлжих ангиллын эмэгтэйчүүдийн гараа явагдаж, Беларусын цаначин Мариа Шканова тэргүүн байр эзэлжээ. Тэгвэл Германы Моника Хоебнер, Шведийн Лоуйсь Янссон нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Энэ өдөр мөн цанын эрэгтэйчүүдийн 4х7.5 км зайн буухиа гараа явагдаж, ОХУ-ын баг тамирчид алтан медалийн эзэн болсон бол тэмцээнийг зохион байгуулагч орон Казакстан, Чехийн баг тамирчид удаах байруудыг эзэлжээ. Гүйлтийн тэшүүрийн 500 метрийн зайн гараанд энэ өдөр дэлхийн шилдэг залуу тамирчид хурд сорьж, ялагчдаа тодрууллаа. Энэ удаад эмэгтэйчүүдээс БНХАУ-ын тамирчин Зан Еизе, Шу Айли нар алт мөнгөн медалийн эзэн болж, БНСУ-ын тамирчин Ким А Ланг хүрэл медалийн эзэн болжээ. Харин эрэгтэйчүүдийг БНСУ-ын тамирчин Ким До Киоум тэргүүлж, Казакстаны тэшүүрчид удаах байруудад шалгарч, хамтдаа шагналын тавцанд гарчээ.

Өвлийн ундеверсиад наадмын 9 дэх өдөр мөсөн дээрх оюуны спорт керлингийн хагас шигшээ тоглолтууд болж, энэ спортоор дэлхийд тэргүүлэгч швед улсын баг тамирчид, швейцарийн багийг 6:3-ын харьцаатай хожжээ. Шайбтай хоккейн спортын эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр боллоо. Энэ удаад АНУ-ын шигшээ баг БНХАУ-ын багийг 3:0-ийн харьцаатай хожиж, өвлийн универсиад наадмын хүрэл медалийн эзэн болжээ.

9 өдрийн дараах нийлбэр дүнгээр ОХУ-ын баг тамирчид нийтдээ 56 медаль хүртэж, медалийн тоо болоод чанараараа бүх баг тамирчдыг хошуучилж байна. Зохион байгуулагч Казакстаны баг харин 27 медаль хүртсэн амжилтаар удаах байрт эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Өвлийн универсиад наадмын 9 дэх өдрийн тойм  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй