Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж хоёрдугаар сарын 15-ны өдөр Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хүрэлцэн очлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс багтсан юм.
Жуба хотын олон улсын нисэх буудалд Төв Африкийн шинэхэн тусгаар тогтносон Бүгд найрамдах Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч Салва Кийр Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авлаа. Хоёр орны Ерөнхийлөгч нарын албан ёсны уулзалтын үеэр Монгол Улс өөрийн зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Ерөнхийлөгч Силва Кийр илэрхийлсэн байна. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгджээ.
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ нь Монгол Улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн төвхнүүлж байгаа Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржид Өмнөд Судан улсад хийж байгаа айлчлалынх нь үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхав. "Ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө тусгаар тогтносон Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс 850 энхийг сахиулагч бүхий батальон оролцуулж байгааг НҮБ өндрөөр үнэлж байгаа бөгөөд монгол цэргүүдийн үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байна” гэж хатагтай Хилде Ф.Жонсон хэлэв. “Бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлээд 10 жил болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ манай зэвсэгт хүчин улам бүр туршлага хуримтлуулж, үүрэг гүйцэтгэх чадвар нь дээшилж байгаад Монгол Улс сэтгэл ханамжтай байдаг. Цаашид ч бид энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх болно” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж онцлон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаа эргэв | ||
Үзсэн: 2378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.