Шууд Chart

Алдарт хөлбөмбөгчин Бебето 53 нас хүрлээ

2017-02-16 09:00:00

Бразилийн алдарт хөлбөмбөгчин Бебето 1964 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр хорвоод мэндэлжээ. 1994 оны дэлхийн аварга Бебето Бразилийн шигшээ багийн нэрийн өмнөөс 39 гоол оруулж байсан түүхэн амжилтын эзэн билээ. Бебето 178 см өндөртэй ч тухайн үеийн Европын шилдэг клубуудын нуруулаг хамгаалагчдын эсрэг тун чадварлаг тоглолт үзүүлдэг байсан нь хөлбөмбөг сонирхогчдын хайр хүндлэлийг хүлээх гол шалтгаан болсон гэдэг. Түүний бүтэн нэр Хосе Роберто Гама Де Оливера бөгөөд дэлхий дахинд Бебето нэрээр алдаршсан юм. Тэрээр хөлбөмбөгийн ногоон талбайд Бразилийн шигшээ багийн хамтаар албан ёсны 75 тоглолтод оролцож, 39 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлжээ. Энэ ажилтаараа Бебето Бразилийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тамирчдын жагсаалтын 6-р байрт эрэмблэгддэг билээ. Түүний ирээдүйн арвин амжилтынх нь гараа 1983 онд Мексик улсад зохион байгуулагдсан 20 хүртэлх насны дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс эхэлсэн бөгөөд энэ тэмцээнд Бразилын багийн залуучууд аваргын алтан медалыг энгэртээ зүүж байсан амжилттай. Улмаар 1989 оын "Копа Америка" буюу Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг мэргэн буучаар тодорч байлаа. Мөн алдарт хөлбөмбөгчин Бебето 1988, 1996 оны зуны Олимпийн наадамд Бразилийн шигшээ багийн хамтаар оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Харин клубын түвшинд Бебето нийтдээ 341 тоглолтонд оролцсон байдаг бөгөөд 178 гоол оруулж байсан юм. Тэр дундаа “Депортиво” клубт тэрээр оргил амжилт үзүүлсэн. Энэ клубын төлөө Бебето 1992-1996 оны хооронд хүчин зүтгэж, нийт 131 тоглолтонд 86 гоол оруулсан бахдам амжилтын эзэн билээ. Одоо Бебето улс төрийн салбарт өөрийгөө сорьж байна. Тэрээр улсынхаа Ардчилсан хөдөлмөрийн намыг төлөөлж 2010 оны улс төрийн сонгуульд нэр дэвшсэн юм. Мөн хөлбөмбөгийн ертөнцөд олон талын хөрөнгө оруулалт хийж сайн үйлсийн аян олноор зохион байгуулдаг улс төрчдийн нэг болоод байгаа билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Алдарт хөлбөмбөгчин Бебето 53 нас хүрлээ  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй