Шууд Chart

Бүх оддын тоглолтын шилдгээр Энтони Дэвис тодорлоо

2017-02-20 18:40:09

71 жилийн түүхтэй АҮСБХ-ны лигийн тэмцээний энэ жилийн бүх оддын тоглолт өнөөдөр АНУ-ын Луйзана мужийн хамгийн том хот Нью-Орлеансд зохион байгуулагдаж өндөрлөлөө. 66 дахь удаагийн бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн, цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнүүд мөн лигийн өсөж яваа залуу оддын тоглолт, өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрсөн. Улмаар өнөөдөр лигийн 2 бүсийн шилдгүүдийн тоглолт тун сонирхолтой явагдаж өндөрлөлөө. Дорнод бүсээс Грек залуу Яннис Антетокунмпо 30 оноо авч шилдэг тоглолтоо үзүүллээ. Мөн лигийн 3 удаагийн үнэ цэнэтэй тоглогч Леброн Жэймс 23 оноо авсанаар бүх оддын тоглолтын хэмжээнд 300 онооны босго давсан анхны тоглогч боллоо. Хаан Жэймсийн хувьд 14 дэх удаагаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байгаа бөгөөд 2 удаа хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан амжилттай. Кайри Ирвинг өнөөдөр мөн 22 оноо аван 14 оновчтой дамжуулалт өгсөн бол сэлгээнээс гаран тоглосон Айзейя Томас 20 оноо, Кайл Лаури 19 оноо авчээ. 

Тэгвэл сүүлийн 2 жил дараалан хожил аваад байсан өрнөд бүсийн шилдгүүдээс Расселл Уэстбрук 41 оноо, Кевин Дюрант, Стефен Карри нар тус бүр 21 оноо авчээ. Кевин Дюрантын хувьд мөн 10 оновчтой дамжуулалт өгч, 10 удаа самбараас бөмбөг авсанаар бүх оддын тоглолтын түүхэнд "трипль дабль" хийсэн 4 дэх тоглогч болсон. Энэ өдөр “Нью-Орлеанс Пеликанс” багийн шилдэг төвийн тоглогч Энтони Дэвис өрнөд бүсийн гарааны бүрэлдэхүүнд багтан тоглож, өөрийн хотдоо онцгой сайн байлаа. 4 дэх удаагаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байгаа өдгөө 23 настай Энтони Дэвис энэ өдөр 35 довтолгооныхоо 26-г нь амжилттай болгосноор нийт 52 оноо авч, 10 удаа, 10 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглолтыг дуусгажээ. Тэрээр үүнийхээ 20 оноог зөвхөн тоглолтын 4-р үед авсан юм. Энтони Дэвис ингэснээр лигийн бүх оддын нэг тоглолтод хамгийн олон довтолгооны оролдлого хийсэн тамирчин болсон бөгөөд хамгийн олон оноо авсан амжилтыг ч мөн шинэчилж чадлаа. Энэ амжилтыг одоогоос 55 жилийн өмнө алдарт сагсан бөмбөгч Уйлт Чэмберлэйн 42 оноо авсан үзүүлэлтээр эзэмшиж байсан юм. Улмаар Стив Керр дасгалжуулагчаар удирдуулсан өрнөдийн баг 192:182-ын харьцаатай хожлыг авсанаар NBA-н 2012 оны драфтын тэргүүн сонголт, олимп, дэлхийн аварга цолыг хүртээд байгаа залуу сагсан бөмбөгч Энтони Дэвис  анх удаа бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртлээ. Мөн 2 баг нийтдээ 374 оноо авсан нь лигийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болон бүртгэгдсэн юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Бүх оддын тоглолтын шилдгээр Энтони Дэвис тодорлоо  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй