Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

2017-03-03 11:03:57

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллалаа. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага, мэдээлэл ирснийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэн ажиллажээ.

Сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд уламжлалт баяр ёслолоо тайван тэмдэглэн өнгөрүүллээ. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажиллалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байна.

Баяр, амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 3324 офицер, 4394 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч, 221 олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн 2802 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үйлдэгдсэн дөрвөн гэмт хэргийг таслан зогсоож, 12 гэмт хэргийг илрүүлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давхардсан тоогоор 570 офицер, 615 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч ажиллаж, 489 цэгийг хяналтад авч, 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй есөн эрэгтэй, таван эмэгтэй нийт 14 хүнийг Түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Баярын өдрүүдэд   гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын утсанд  хандсан 91 гомдол, мэдээллийг хүлээн авч, 90 гомдол, мэдээллийг газар дээр нь шуурхай шийдвэрлэсэн байна.

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд гудамж замын ачаалал ихэсдэгтэй холбогдуулан өнгөрөгч хоёрдугаар сарын 11, 18-ны бямба, 12,19-ний өдрийн ням гаргуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгой тоогоор хязгаарлах, томоохон зах, худалдааны төвүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан ажиллуулсан нь үр дүнтэй ажил боллоо. 

Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллага Онцгой байдлын Ерөнхий газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллалаа.

Нэг өгүүлбэрээр:

- Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.

- Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага, мэдээлэл иржээ.

- Баяр, амралтын өдрүүдэд 8000 гаруй цагдаагийн алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэжээ.

- Согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

- Баярын өдрүүдэд 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

- Баярын өдрүүдэд 1000 гаруй алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулан ажиллалаа.

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 14 иргэнийг Түр хамгаалах байранд байрлуулжээ.

- Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 91 мэдээлэл ирснийг шийдвэрлэв.


Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.190.xxx] 2017-03-03 11:41
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй