![](/uploads/201703/news/thumb/54d5ca41839a8a90300a3a9082a5994e_x3.jpg)
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн шилдэг хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багуудын дунд зохион байгуулдаг “SheBelieves Cup” тэмцээний медалийн эзэд өнөөдөр тодорсон байна. 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “SheBelieves Cup” тэмцээнд энэ жил дүрэм ёсоор ОУХБХ-оос гаргасан дэлхийн чансааг тэргүүлж байгаа АНУ, ХБНГУ, Франц, Англи гэсэн шилдэг 4 баг тойргоор өрсөлдсөн юм. Улмаар өнөөдөр багууд сүүлийн тоглолтуудаа хийсэн байна. Эхний тоглолт ХБНГУ болон Англи улсын эмэгтэйчүүдийн шигшээ багуудын хооронд боллоо. Энэ тоглолтод дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдэж байгаа Германы шигшээ баг тоглолтын эхний үеийн төгсгөлд багийн довтлогч Анья Миттагийн оруулсан гоолоор 1:0-ийн харьцаатай хожжээ. Ингэснээр тэд 4 дэх оноогоо авсан юм.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод үргэлжлэн явагдсан энэ тэмцээнд дэлхийн 3, олимпийн 4 удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын шигшээ баг Францын шигшээ багтай тэмцээний сүүлийн буюу 3 дахь тоглолтоо хийлээ. Францын шигшээ багийн хувьд өмнөх 2 тоглолтдоо нэг тэнцэж, нэг хожиж, 4 оноотой болоод байсан учраас энэ тоглолтод хожвол тэмцээний аваргаар тодрох байсан юм. Тоглолт эхлээд 8 минутын дараа Францын шигшээ багаас Камилие Абили эхний гоолыг оруулсан. Энэ гоол орсоноос хоёрхон минутын дараа Францын шигшээ баг тэргүүллээ бататгаж чадсан. Энэ удаад багийн шилдэг довтлогч Эогень Ле Соммер хаалганд гоолыг оруулжээ. Улмаар тоглолтын 2-р үед Францын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч, өдгөө 32 настай Камилие Абили энэ өдрийн 2 дахь гоолоо торгуулийн цохилтоос оруулсанаар баг нь хүчирхэг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожлоо. Францын баг ийнхүү 7 оноотой болсоноор анх удаагаа тэмцээний аваргын цомыг хүртсэн бол өнгөрсөн жилийн аварга, АНУ-ын баг тамирчид энэ удаад 4-р байрт шалгарч байна. Харин Германы баг 2-р байрт Английн шигшээ баг 3-р байрт тус тус шалгарч, мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Францын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн шилдгүүдийг тэргүүллээ | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.