Олон улсын цанын холбооноос өвлийн спортын хамгийн сонирхолтой, үзүүштэй, өрсөлдөөнтэй төрлүүдийн нэг уулын цанын спортын дэлхийн цомын АШТ-ийг 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өнгөрсөн оны 10-р сард эхэлсэн дэлхийн цомын тэмцээн бүтэн 6 сарын турш дэлхийн 17 орны 36 хотыг дамнан зохион байгуулагдаж, 2017 оны аваргуудаа тодруулаад байна.
Энэ жилийн дэлхийн цомын тэмцээний сүүлийн гараа АНУ-ын Колорадо мужийн Аспен дахь цанын баазад зохион байгуулагдсан юм. Энэ өдөр эхлээд эмэгтэйчүүдийн хаалтын гарааны уралдаан болсон. Энэ гарааны хувьд их туг сүлжих ангилалд явагдаж байгаа энэ оны сүүлийн буюу 9 дэх гараа байсан юм. Энэ онд уулын уруу эгц хурдтай буух төрөлд Словенийн Илка Стюеч тэргүүлсэн бол супер-жи ангилалд Лейхтинштейн улсын цаначин Тина Вайретер нийлбэр дүнгээр хошуучилж дэлхийн цомын эзэн болсон. Харин уулын цанын спортын үндсэн төрөл туг сүлжих төрлийн 2017 оны аваргаар АНУ-ын алдарт тамирчин Микеала Шиффрин тодорсон юм.
Улмаар үндсэн 4 төрлийн сүүлийн төрөл буюу их туг сүлжих ангиллын уралдаан өнөөдөр нийлбэр дүнгээ гаргаж, мөн энэ оны аваргуудаа тодруулсанаар 2017 оны ДЦАШТ өндөрлөлөө. Энэ өдрийн гарааны хувьд Италийн тамирчид шилдэг нь байлаа. Тэргүүн байрт 1 минут 58.01 секундын амжилтаар Италийн Федерика Бриноне шалгарсан бол Софиа Гожжиа 1.44 секундээр хоцорч удаах байрт шалгарлаа. Харин 3-р байрт мөн тэдний нутаг нэгт тамирчин Марта Боссино шалгаран барианы зурвасыг давж, энэ жилийн тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
Улмаар энэ онд их туг сүлжих ангилалд болсон 9 гарааны уралдааны нийлбэр дүнгээр Францын Тесса Уорли 685 оноогоор бүх тамирчдыг хошуучилж энэ төрлийн аваргаар тодорлоо. Дэлхийн 4 удаагийн аварга, өдгөө 27 настай Тесса Уорли ийнхүү их туг сүлжих ангилалд энэ цаг үеийн шилдэг нь болохоо батлан харуулж, энэ жилийн дэлхийн цомын тэмцээний “Болор бөмбөрцөг” шагналыг хүртлээ.
Харин 4 төрлийн нийлбэр дүнгээр АНУ-ын шилдэг залуу тамирчин Микеала Шиффрин тэрнүүн байрт шалгарсан юм. Энэ сард 22 нас хүрээд байгаа Микеала Шиффрин өөрийн үндсэн төрөл болох туг сүлжих төрөлдөө 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан бөгөөд сүүлийн 3 ДАШТ-д дараалан түрүүлээд байгаа энэ цаг үеийн дэлхийн шилдэг цаначин билээ. Шиффриний хувд энэ оны дэлхийн цомын хүрээнд явагдсан нийт 37 гарааны 10-т түрүүлж, нийтдээ 1643 оноо авсан амжилтаараа энэ жилийн аваргаар тодорч байна. Микеала Шиффрин 22 насандаа дэлхийн цомын эзнээр тодрохоор боллоо. Шиффриний хувьд энхүү нэр хүндтэй тэмцээнд бүх төрлийн нийлбэрээр аваргалж байгаа АНУ-ын 5 дахь тамирчин болж байна. Анх 15 насандаа ДЦАШТ-ий цасан замд хурд сорин, мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан тэрээр ийнхүү 6 жил дэлхийн цомд өрсөлдсөний эцэст мөрөөдлөө биелүүлж аваргын цомыг хүртэж байгаа юм.
Уулын цанын дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.