![](/uploads/201703/news/thumb/8d38d379a20da955660e0f6b4a8bcff9_x3.jpg)
ХБНГУ-ын Дортмунд хотын алдарт “Сигнал Идуна Парк”-д Англи болон Германы шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийсэн байна. Энэ тоглолтын онцлох зүйл нь өдгөө 31 настай Германы алдарт довтлогч Лукас Подолски үдэлтийн тоглолтоо хийсэн явдал байсан юм. Алдарт хөлбөмбөгчин Лукас Подолски энэ онд шигшээ багаасаа зодог тайлах болсоноо мэдэгдээд байсан бөгөөд ийнхүү сүүлийн удаа шигшээ багтаа дуудагдаж, Германы шигшээ багийн хамт олон энэ тоглолтыг Подолскигийн үдэлтийн тоглолт болгон зохион байгуулсан юм. Тэрээр Польшийн Гливице хэмээх жижиг хотод төрсөн бөгөөд түүний гэр бүл 2 настай байхад нь Герман улсадд цагаачлан ирж байжээ. Гэхдээ өвөө эмээ нь Герман хүмүүс байсан бөгөөд дайны өмнө Гливице хот нь Герман улсын газар нутаг байсан байна. Тэрээр Германы “Кёльн” клубын хүүхдийн багаас мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж Германы “Байерн Мюнхен”, Английн “Арсенал”, Италийн “Интер Милан” зэрэг багуудад тоглож байсан. Тэрээр 2015 оноос хойш Туркийн “Галатасарай” багт тоглож, одоо сүүлчийн улирлаа үдэж байгаа билээ. Подолски дараа жилээс Японы “Жей лиг”-ийн “Виссел Кобэ” багт тоглохоор гэрээ хийгээд байгаа юм.
Подолски энэ өдөр Германы шигшээ багаа ахлан талбайд гарч, өөрийн карьерийн 130 дахь тоглолтдоо оролцсон байна. Энэ нь 1990 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн ахлагч алдарт Лотар Маттеус болон бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Мирослав Клозе нараас илүү олон удаа Германы шигшээ багийн төлөө талбайд гарсан үзүүлэлт болж байгаа юм. Улмаар Лукас Подолски энэ өдрийн тоглолтын цаг дуусахаас 20 минутын өмнө хаалганаас 25 метрийн зайнаас өөрйин нэрийн хуудас болсон зүүн хөлийн хүчтэй цохилтоор хаалганы зүүн дээд буланд хожлын гоолыг оруулсан. Анх 2004 онд Германы шигшээ багтаа дуудагдаж байсан тэрээр өнгөрсөн 13 жилийн хугацаанд ДАШТ-д нэг түрүүлж, 2 удаа хүрэл медаль хүртсэн бөгөөд 2008 онд ЕАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ өдөр түүний оруулсан гоол Германы шигшээ төлөө хийсэн 49 дэх гоол нь болсон бүртгэгдсэн юм. Дэлхийн 4 удаагийн аварга Германы шигшээ баг энэ сарын 26-ны өдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Азербайжаны шигшээ багтай тоглоно. Отгон дэлхийн аваргууд тэмцээний “С” хэсгийг тэргүүлэн өрсөлдөж байгаа бөгөөд эхний 4 тоглолтдоо бүгдэд нь хожиж, 12 оноотой өөрийн хэсгийн багуудыг хошуучилж байна.
Лукас Подолскигийн үдэлтийн тоглолт боллоо | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.