Шууд Chart

“Гэгээн судар” номын нээлт боллоо

2013-11-08 09:49:38

Эрхэм суртахуйн онолыг нээн үзүүлсэн “Гэгээн судар” номын хоёр дахь хэвлэлт шинэчлэн боловсруулагдаж, 4 ботиор хэвлэгдэн гарлаа.

Анх 2011 онд түүхийн ухааны доктор /Ph.D/ Ч.Жазаг “Гэгээн судар” номыг бүтээн туурвиж, уншигчдын хүртээл болгож байсан билээ. Тэгвэл хэвлэгдсэн цагаасаа хойш эрэлт хэрэгцээ ихтэй байсан  уг ном  эдүгээ уншигчдын хүсэлтээр дахин мэндлэхдээ утга агуулгын хувьд илүү өргөн дэлгэр болсон байна.
 
“Гэгээн судар” ном нь хүн байгалийн хүйн холбооны мөн чанар, оюун ухаант хүн гэгч бодгаль хэрхэн утга учиртай амьдрах хийгээд хүн шиг “хүн” байхуйн урлаг, сэтгэлээ хэрхэн зөв эзэмдэж, ухааныхаа ур шимийг ургуулан хөгжүүлж амьдрахуйн зам мөрийн тухайтад эртний эрдэмтэн мэргэд хэрхэн өгүүлснийг нэгтгэн дүгнэж, цэгцлэн үзүүлжээ.
 
Номын зохиолч Ч.Жазаг анхны эхээ засан сайжруулах зорилгоор даруй 2 жил гаруй элдэв судар бичиг, уран үгсийн гайхамшигт сэцлэлүүдийн эрэлд гарч, “Эрхэм суртахуйн” тухай сэдвээр дэлхийн 1208 мэргэдийн 6771 айлдвар, сургаал, түүний дотор Монголынхоо 256 эрдэмт хүмүүний 2437 сэцлэл, эшлэл, 1086 зүйр цэцэн үгийг судалж тунгаан,  өөрийнхөө бодол санаа, гүн бясалгалаараа холбон гагнаж, нэгэн цул эрдэнэс болгохыг хичээн урласан байна.
 
Ойролцоогоор 40 ботийн дайтай эрдэнэсийг дөрөвхөн ботид багтаан эрэмбэлсэн “Гэгээн судар” ном  уншигчдын гарт очсноор өнөөгийн нийгмийн ёс суртахууны хэм хэмжээнд хувь хүний гүйцэтгэх хүнлэг, зөв бодлын үр нөлөөнд сайнаар нөлөөлөх нь лавтай юм.
 
Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгмийн захиалгаар бүтээгдэж буй эл ном монгол айл бүрийн халуун ам бүлээрээ шимтэн унших оюуны гэрэл цацруулсан охь төдийгүй багш нарын ширээний ном болж, хүнээр хүн хийхийн ухааныг тэлж, аргыг нь арвитгах гарын авлага болох өндөр ач холбогдолтой юм.
 
Аз жаргалд хүрэх зам, ертөнцийг ёс суртахуун аварна, шударга ариун чанар, нэр төр өөрийгөө эзэмдэхүй зэрэг нийт 14 бөлөг бүхий эл  4 ботийн ерөнхий редактороор  МСЭ-ийн Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумъяа ажиллажээ.
 
Ийнхүү олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэж буй уг номыг Интер ном, Номин их дэлгүүрүүдийн  сүлжээ цэгүүдээс худалдан авах боломжтой юм.
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Гэгээн судар” номын нээлт боллоо  
Үзсэн: 2139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй