Шууд Chart

Стивен Жеррардын үдэлтийн тоглолт боллоо

2017-03-27 10:33:32

Английн алдарт “Ливерпүүл” клубын домогт ахлагч Стивен Жеррард энэ оны эхээр албан ёсоор зодог тайлах болсоноо мэдэгдсэн. Түүний үдэлтийн тоглолт Английн Мерсисайд хотын Энфилд Рөүд цэнгэлдэх хүрээлэнд болж, “Ливерпүүл” болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багуудын домогт тамирчид талбайд гаран тоглож, Стивен Жеррард болон “Ливерпүүл” клубын үнэнч хөгжөөн дэмжигчдэд хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ тоглолтын эхний гоолыг талбайн эздээс оруулсан. Энэ удаад “Ливерпүүл” клубын түүхэн дэх шилдэг довтлогчдын нэг Майкл Овен гоолыг оруулжээ. Харин тоглолтын 2-р үе эхлээд Жон Алдриж гоолыг оруулж, тооны харьцааг 2:0 болгосон. Улмаар энэ тоглолтод талбайд багаа ахлан гарсан, Ливерпүүлийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг Робби Фаулер торгуулийн цохилтоос дахин нэг гоолыг оруулсан. Энэ агуу тамирчны хувьд Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчдийн дунд “Бурхан” хэмээн хүндлэгдэн нэрлэгддэг юм.

Ингээд 71 дэх минутад энэ өдрийн тоглолтын гол баатар, Английн “Ливерпүүл” клубын “Энфилд Рөүд” цэнгэлдэх хүрээлэнгийнхээ ногоон талбайд эргэн гараад байсан Стивен Жеррард багийнхаа 4 дэх гоолыг оруулж,  хөгжөөн дэмжигчдээ баяруулж чадсан юм. Жеррард 1987 оноос 2015 оныг хүртэлх 28 жилийн хугацаанд “Ливерпүүл” клубын нас насны багт тоглож,  улмаар “Улаанууд”-ын үндсэн багт нийт 710 тоглолтод талбайд гарахдаа 186 гоол оруулж байсан юм. Мөн энэ багийн хамтаар ЕХХ-ны “Аваргуудын лиг”, “Супер цом”, Европын цомын тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлж, Английн лигийн цомд 3 удаа, Хоблооны цомын тэмцээнд 2 удаа, Коммунити Шиелдэд 1 удаа түрүүлж байсан амжилттай. Улмаар энэ тоглолтын төгсгөлд “Реал Мадрид”-аас Эдвин Конго, Фернандо Мориентес, Рубен де ла Ред нар гоолыг оруулсан тоглолт 4:3-ын харьцаатай “Ливерпүүл”-ийн хожлоор өндөрлөжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Стивен Жеррардын үдэлтийн тоглолт боллоо  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй