Шууд Chart

Аэробик гимнастикийн өсвөрийн улсын аваргууд тодорлоо

2017-04-17 17:06:33

Аэробик гимнастикийн 2017 оны өсвөр үеийн УАШТ “Сити” клубын спорт танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн байна. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд 17 байгууллага клубын 6-17 насны нийтдээ 200 гаруй өсвөрийн гимнастикч техник, ур чадварыг сорин өрсөлдлөө. 8 дахь удаагийн өсвөрийн УАШТ-ийг БСШУСЯ ЗГХА БТСГ, Монголын гимнастикийн холбоо хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн улсын аваргын тэмцээнд өсвөрийн гимнастикчид 4 насны ангиллаар аэробик гимнастикийн үндсэн 7 төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Мөн баг тамирчдын дасгал хөдөлгөөнийг олон улсын гимнастикийн холбооноос 2017-2020 оны хугацаанд батласан шинэчлэгдсэн дүрмийн дагуу шүүн явуулсанаараа онцлогтой байлаа. Энэ жилийн тэмцээнд хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн баг тамирчид шинэ дүрмийн дагуу амжилттай сайн оролцсоны зэрэгцээ, аэробик гимнастикийн спорт хөдөө орон нутагт ч жигд тархан хөгжиж байгааг тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Өсвөрийн УАШТ-ий гол зорилго нь ирэх 9-р сард Монгол улсын нийслэл УБ хотноо зохион байгуулагдах аэробик гимнастикийн Ази тивийн АШТ-д оролцох Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байна. 6 дахь удаагийн Азийн АШТ ирэх 9-р сарын 13-18-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Энэ тэмцээн уламжлал ёсоор өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн үндсэн 3 насны ангилалд зохион байгуулагдах юм.

Тэмцээний хамгийн бага нас буюу 6-8 насны ангилаллын хосын төрөлд МУБИС-ийн багийн тамирчин Өнөболд, Тэлмүүн нар тэргүүлж, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн МУБИС-ийн багийн тамирчин Тулгын Эгшиглэн аваргын алтан медалийг хүртсэн бол “Оюуны Оньс” сургуулийн тамирчин Амгалангийн Чингүүн хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд  улсын аваргаар тодорчээ. Тэмцээний 9-11 насны ангиллын ганцаарчилсан төрөлд охидоос ХУД-ийн 34-р сургуулийн тамирчин Билгүүнтөгс, хөвгүүдээс өсвөрийн “Light” клубын тамирчин Гантулгын Идаржавхлан нар бусдыгаа манлайлж, тус тус 1-р байрт шалгардла. Энэ насны ангиллын хосын төрөлд мөн "Light" клубын тамирчин Идэржавхлан, Оюумаа нар өсвөрийн улсын аваргаар тодорсон байна. Тэгвэл гурвалсан төрөлд МУБИС-ийн тамирчид тэргүүн байрт шалгарч, ХУД-ийн 34-р сургууль, Өсвөрийн "Light" клубын багууд удааллаа. Тэмцээний 9-11 насны багийн төрөлд ХУД-ийн 34-р сургуулийн тамирчид шилдэг нь байж, хамгийн өндөр оноог авсанаар энэ жилийн улсын аваргаар тодорсон юм. Харин мөнгөн медалийг өсвөрийн "Light" клубын баг, хүрэл медалийг Сүхбаатар аймгийн багийн тамирчид хүртсэн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Аэробик гимнастикийн өсвөрийн улсын аваргууд тодорлоо  
Үзсэн: 2390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй