Шууд Chart

“Пингвинс” цувралыг 3:0-ээр тэргүүлж байна

2017-04-17 17:16:29

Шайбтай хоккейн спортод энэ цаг үед нэр хүнд, цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлэгч томоохон тэмцээн Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2016-17 оны улирал өндөрлөж, плэй-оффын шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр лигийн плэй-оффын 1-р тойргийн хүрээнд нийтдээ 4 тоглолт боллоо. Лигийн өнгөрсөн улирлын аварга “Питтсбург Пингвинс” баг плэй-оффын эхний шатандаа "Колумбус Блю Жэкетс"-тэй учраа таарч, цувралын эхний 2 тоглолтод өөрийн талбайдаа дараалан хожоод байсан бол өнөөдөр цувралын 3 дахь тоглолт "Колумбус"-ын талбайд явагдсан байна.

Лигийн тэмцээний 4 удаагийн аварга, Майк Салливан дасгалжуулагчаар удирдуулсан "Пингвинс"-ийн залуус өнөөдрийн тоглолтод “Нэйшнвайд Арена”-д зочилж, цувралын 3 дахь тоглолтдоо оролцлоо. Харин талбайн эзэн баг "Колумбус"-ын залуусын хувьд цувралд 2:0-ийн харьцаатай хожигдож байсан учраас энэ өдрийн тоглолтын эхнээс хожлын төлөө ширүүн тэмцэж, эрч хүчтэй тоглолтыг үзүүлж байсан. Улмаар тоглолтын эхний минутад Кэм Эткинсон гоолын салхийг хагалсан юм. Гэсэн ч Жейк Гюнцель энэ гоол орсоноос хоёрхон минутын дараа тооны харьцааг тэнцүүлсэн юм. "Колумбус"-ын хоккейчид тоглолтын 5, 6 дахь минутад дараалан 2 гоол оруулж тооны харьцааг 3:1 болгосон. Энэ удаад Кэм Эткинсон дахин нэг гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол Зак Веренски багийнхаа 3 дахь шайбыг оруулжээ. 3 үеийн 60 минутын турш эн тэнцүү өрсөлдөөнтэй үргэлжилсэн энэ тоглолтын 2-р үед Оцон шувууд өрсөлдөгч баг Колумбусын хаалганы улаан гэрлийг 2 удаа асаасан. Энэ удаад "Пингвинс"-ийн залуусаас Брайан Раст дараалан 2 гоол оруулсанаар тооны харьцааг 3:3 болгон тэнцүүлжээ. Улмаар 3–р үе эхлээд "Колумбус"-аас Брендон Дубински гоолыг оруулсан бол зочдоос Жейк Гюнцель тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлжээ. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдвэрлэж, 73 дахь минутад 22 настай залуу довтлогч Жейк Гюнцель энэ өдрийн 3 дахь гоолоо оруулж багтаа ялалтыг авчирсан юм. Өнгөрсөн жилийн Лорд Стэнлийн цомын эзэн “Питтсбург Пингвинс”-ийн хувьд ингэснээр плэй-оффын эхний тойргийн цувралдаа 3:0-ийн харьцаатай тэргүүлж эхэллээ. Багуудын хоорондох цувралын 4 дэх тоглолт энэ пүрэв гарагт болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Пингвинс” цувралыг 3:0-ээр тэргүүлж байна  
Үзсэн: 1595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй