![](/uploads/201704/news/thumb/2a65e353da94f4f2319905172883bf87_x3.jpg)
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний улирлын тоглолтуууд өндөрлөж, плэй-оффт өрнөд дорнод бүсээс шалгаран гарсан 8, 8 баг одоогийн байдлаар тус бүр нэг тоглолт хийгээд байна. Өнөөдөр нийтдээ 4 тоглолт болсоноор энэ улирал лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн "Голден Стэйт Уарриорс" баг өрнөд бүсийн 8-р байраар гарсан "Портленд Трэйл Блэйзерс" багтай плэй-оффын 1-р тойргийн цувралын эхний тоглолтоо хийлээ.
Стив Керр дасгалжуулагчаар удирдуулсан "Алтан мужийн дайчид" 2016-17 оны плэй-оффын шатны нээлтийн тоглолтоо Портлендийн залуусын эсрэг ийнхүү хийсэн юм. АНУ-ын Калифорни мужийн Окленд хотын “Оракл Арена”-д явагдсан энэ тоглолтын эхнээс талбайн эзэд өрсөлдөгчөө оноогоор хошуучилсаар байсан. Тэр дундаа "Голден Стэйт Уарриорс" багийн хамтаар анхны плэй-оффын тоглолтдоо оролцсон Кэвин Дюрант энэ өдөр 32 оноо авч, 10 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа тэргүүлээ. Мөн Стеффен Карри 29 оноо, Клэй Томпсон 15 оноо авсан бол Дрэймонд Грин 19 оноо, 12 самбар, 9 оновчтой дамжуулалт, 5 хаалт гэсэн үзүүлэлттэй тоглолтыг дуусгаж, өнөөдрийн тоглолтод багтаа нэн чухал үүргийг гүйцэтгэсэн байна. Харин зочин багаас нэгэн тоглогч онцгой сайн байсан нь Си Жэй МкКоллум буюу Кристиан Жэймс МкКоллум байлаа. Тэрээр өнөөдөр нийтдээ 41 оноо авсан нь плэй-оффын тоглолтод авсан хувийн хамгийн өндөр үзүүлэлт бослон юм. Тэгвэл “Портленд Трэйл Блэйзерс” багийн шилдэг холбон тоглогч Дэмиан Лиллард 34 оноо авсан. Лиллардын хувьд энэ өдөр 7 удаа холын зайнаас довтолсон нь бүгд цагаригт оржээ. Мөн Эван Тюрнер, Мо Харклесс нар 10-с дээш оноо авсан ч багийн бусад тоглогчид хангалтгүй байлаа. Ялангуяа сэлгээнээс талбайд гаран тоглосон тамирчид нийтдээ 9 оноо авсан нь энэ өдөр баг нь хожигдох гол шалгаан болсон. Түүнчлэн "Голден Стэйт Уарриорс"-ын залуус багаараа 26 оновчтой дамжуулалт өгсөн бол "Портленд"-ийнхан багаараа тоглолтын турш ердөө 15 оновчтой дамжуулалт өгсөн байна. Улмаар тоглолтын үндсэн цагт 121:109-ийн харьцаатай "Алтан мужийн дайчид" өрсөлдөгчөө хожиж, 2016-17 оны плэй-оффын цувралын эхний ялалтаа авлаа. Багуудын 2 дахь тоглолт энэ сарын 20-ны өглөө мөн “Оракль Арена”-д явагдах хуваарьтай байна. Өнөөдөр мөн “Вашингтон Уизардс”, “Чикаго Буллс”, “Хьюсен Рокитс” багууд өрсөлдөгчдөө хожиж, цувралын эхний хожлоо авсан байна.
“Алтан мужийн дайчид” плэй-оффын эхний тоглолтдоо хожлоо | ||
Үзсэн: 2033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.