Шууд Chart

Иргэдтэй "Итгэлцлийн гэрээ" байгууллаа

2017-05-04 13:12:20

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран “Хөршийн холбоо” байгуулах журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гишүүд болон иргэн олон нийтийн зөвлөлийн гишүүдийн уулзалтыг өчигдөр Арвайхээр суманд зохион байгуулж, “Итгэлцлийн гэрээ” байгуулжээ.



“Итгэлцлийн гэрээ”-г Цагдаагийн газар, багийн Засаг дарга, иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй байгуулсан байна. Итгэлцлийн гэрээг байгуулснаар хүрэх үр дүн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оршин суугчид, иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа сууц өмчлөгчдийн холбоо, сайн дурын иргэдийн хүч дэмжлэгийг авах, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Гэр, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн оролцоо, эрх бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулж ахуйн хүрээнд үйлдэгдэж буй хууль бус үйлдлүүдийг саармагжуулах, бууруулах ажилд ахиц гарах үр дүнтэй юм.



Мөн үеэр иргэнийхээ үүргийг биелүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа Арвайхээр сумын ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр Арвайхээр сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Дашдондог, Арвайхээр сумын ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр 7 дугаар багийн иргэн С.Төмөрбаатар, Цагдаагийн газрын “Талархал”-аар 10 дугаар багийн иргэн Г.Пэрлиймаа, 11 дүгээр багийн иргэн М.Дэжид, 7 дугаар багийн Ч.Энхтуяа нарыг тус тус шагнаж урамшууллаа. Иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдийг урьдчилан сэргийлэх ажилд ажиллах үед хэрэглэх хантааз, гар чийдэнг өгчээ.

Иргэдэд Арвайхээр сумын ИТХ-ын дарга Д.Амартүвшин, Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн нар нь талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


Иргэдтэй "Итгэлцлийн гэрээ" байгууллаа   
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй