Шууд Chart

“Монгол бахархал”-аас Балетын шилдгүүдийг үзээрэй

2013-06-26 10:53:56

“Монголын балетын хөгжил сан”-гийн ээлжит ажлуудын нэг болох “Монгол бахархал” нэртэй тоглолт ирэх долдугаар сарын 13, 14-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдохоор болжээ. Өмнөх тоглолтуудаараа зөвхөн дэлхийн шилдгүүдийг танилцуулж байсан тус сангийнхан энэ удаад дэлхийн олон улсад нэрээ дуургаж, уран бүтээлээрээ олон улсад үнэлэгдэж буй Монголын шилдэг бүжигчдийг танилцуулахаар шийдсэн тухайгаа мэдэгдсэн юм.

“Монгол балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон ангийн анд нарынх нь санаачилгаар тус тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд “Монгол бахархал” нэрийн учир нь Монголд балетын урлагаар суралцан, бэлтгэгдэн гарсан дэлхийд данстай монгол бүжигчдээрээ бахархах, омогших сэтгэлийг Монголын үзэгчдэд төрүүлэх зорилгыг тавьсан байна. Товч сонордуулахад  монгол балетчин дэлхийн сонгодог урлагийн домог болсон, 234 жилийн түүхт Италийн Ла Скалагийн тайзыг эзэгнэн, 3000-аад үзэгчдийг алга нижгэнүүлэн таштал догдлуулсан нэгэн жишээ саяхан байсан. Энэ бол бидний, бас Монголын бахархал юм.

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва тэргүүтэй анхны мэргэжлийн балетчид 1962 онд ЗХУ-ын Балетын сургууль төгсөн эх орондоо ирснээр Монгол улсын балетын урлагийн хөгжлийн эхлэл тавигдсан түүхтэй. Харин 2000 онд Монгол Улсад анхны тодотголтой мэргэжлийн балетын жүжигчдийг дотооддоо буюу Хөгжим бүжгийн коллежийн багш, уран бүтээлчид бэлтгэн гаргаснаар Монголын балетын урлагийн түүхэн дэх бас нэгэн шинэ үеийн эхлэл тавигдсан. Хүн төрөлхтний баяр баяслыг бий болгон олон улсад хөгжсөөр ирсэн дэлхийн сонгодог бүжгийн тавцанд хүч сорин гялалзаж яваа эдгээр Монгол залуус бүгд МУ-ын ХБК-д анх 2000 оноос эхлэн бэлтгэгдэж төгссөн балетын ангийн үе үеийн төгсөгчид юм. Бас нэгэн онцлог нь “Монголын бахархал” тоглолтод оролцох дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол бүжигчид болон өнөө цагийн Монголын балетын урлагт ид бүжиглэж байгаа балетчид бүгд нэг багшийн, тухайлбал Д.Дашлхагва багшийн шавь нар гэхээр үнэхээр бахархалтай. Тиймээс тоглолтыг “Д.Дашлхагва багшийн шавь нарын тоглолт” хэмээн урлагийнхан нэрлэж байгаа аж.
Ингээд “Монгол бахархал” тоглолтод оролцох бүжигчидийг доор танилцуулж байна.

  • Д.Алтанхуяг-АНУ-ын Бостон Балет компани болон Япон улсын Токио Комаки Балет компанийн гоцлол бүжигчин, МУГЖ
  • Ч.Ганчимэг-ДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА
  • А.Хангай-Япон улсын NBA балетын компанийн  гоцлол бүжигчин 
  • Анри Асай-Япон улсын NBA балетын компанийн  гоцлол бүжигчин 
  • Б.Батболд-Япон улсын Токио хотын К-Баллет компанийн гоцлол бүжигчин
  • Мако Чан- Япон улсын Токио хотын К-Баллет компанийн гоцлол бүжигчин
  • О.Лхагвасүрэн-Япон улсын Асами Маки балет компанийн гоцлол бүжигчин
  • Икү Накагава-Япон улсын Асами Маки балет компанийн гоцлол бүжигчин
  • Б.Жаргал-Соёл Урлагийн Их Сургуульд бүжгийн багш, СТА
  • Б.Батчимэг-ДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА
  • Н.Энхзориг- ХБНГУ-ын Росток хотынн театрын гоцлол бүжигчин
  • Ц.Цолмонбуд-Өмнөд Солонгос улсын И Ван Гүг балетын компанийн гоцлол бүжигчин
  • Пак Ён Жин-Өмнөд Солонгос улсын И Ван Гүг балетын компанийн гоцлол бүжигчин
  • Б.Чинзориг-Япон улсын NBA балетын компанийн  гоцлол бүжигчин
  • Нанаси Тамаширо-Япон улсын NBA балетын компанийн  гоцлол бүжигчин 
  • А.Өлзий-Орших-ДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА
  • Б.Баасансүрэн-ДБЭТ-ын гоцлол бүжигчин
  • О.Ганцоож-ДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА
  • Б.Төгөлдөр-“Их Эзэн хааны театр”-ын уран сайнхны удирдаач, гоцлол бүжигчин
  • А.Эрдэнэболд-“Их Эзэн хааны театр”-ын гоцлол бүжигчин
  • Н.Ариунболд-Их Эзэн хааны театр”-ын бүжигчин
  • Г.Пүрэвцэрэн-Их Эзэн хааны театр”-ын бүжигчин
  • Н.Доржнамжил-Их Эзэн хааны театр”-ын бүжигчин
  • Н.Ганзориг- Их Эзэн хааны театр”-ын бүжигчин
 
 
 
Нийтэлсэн: Мөнхөө

“Монгол бахархал”-аас Балетын шилдгүүдийг үзээрэй   
Үзсэн: 3389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй