Шууд Chart

ХЗДХ-ийн салбарын нээлттэй өдөрлөгөөр 50 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж байна

2017-05-17 15:32:42

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү өдөрлөгөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт “Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд энэ оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” байх агуулгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэддээ өдөр бүр нээлттэй байж, иргэдтэйгээ аль болох хамтран ажиллах, тэдний эрх, ашиг сонирхлыг хэзээ ямагт хөнгөн шуурхай хангах асуудалд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг тусгах, яамнаас үзүүлдэг лавлагаа мэдээллээр хангах ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр гүйцэтгэхээр ажлаа зохион байгуулж байна. Нийгэмдээ нээлттэй, иргэндээ ээлтэй эрх зүйн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхэд Та бүхний итгэл дэмжлэг, санал санаачилга бидний хувьд мөнхийн түшиг тулгуур байх болно” гэв.

“Нээлттэй өдөрлөг”-ийн эхний өдөр буюу өнөөдөр ХЗДХЯ, ХХЕГ, ОӨУБЕГ, АЕГ, ХСИС, ХЗҮХ, Нотариат, хоёр дахь өдөр буюу 18-нд ЦЕГ, ШШГЕГ, ГИХГ, ШШҮХ, ХЗТТ, ТТАХНЭ зэрэг байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм.


ХЗДХ-ийн салбарын нээлттэй өдөрлөгөөр 50 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж байна  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй