Шууд Chart

Н.Номтойбаярын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байна

2013-11-15 15:11:11

28146 гомдол мэдээллийг хүлээн авснаас  96,5 хувийг нь шийдвэрлэжээ

УМБГ-т шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүд болон олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим нэгэн  гэмт хэргүүдийн талаар өнөөдөр тус газраас нэгдсэн мэдээлэл хийлээ.
 
2013 оны эхний 10 сарын байдлаар УМБГ-т албаны хэмжээнд иргэд байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 28146 гомдол мэдээллийг хүлээн авснаас  27178 буюу 96,5 хувийг нь шийдвэрлэсэн байна.
 
Мөн 16411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нийт 12986 хүнд холбогдох 13726 буюу мөрдсөн хэсгийн 66.3 хувийг шийдвэрлэж, эрүүгийн хэрэг үүсгэх үед сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 5323 хэргээс 2967 буюу 55.7 хувийг нь илрүүлсэн байна.
 
Гэмт хэргийн улмаас иргэд байгуулага, аж ахуйн нэгжүүдэд 126 тэрбум 955,8  сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 64,9 хувь буюу 82 тэрбум 345,6 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 106 тэрбум 864,8 сая төгрөгийн эд зүйлийг битгүүжлэн хамгаалжээ.
 
Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 1151 хэргийг нөхөн илрүүлж, одоо албаны нийт 10510 эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаагаас яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 10119, сэжигтэн яллагдагч оргон зайлсан үндэслэлээр 212 хүнд холбогдох 197, шаардлагатай гэрч хохирогч байхгүй гэх үндэслэлээр 168, бусад байдлаар 26 эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаа аж.
 
Ш.Батхүү холбогдох албаныхны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон
 
Жаст группийн захирал Ш.Батхүү 2008-2012 онуудад  Өмнөд африкийн нэгдсэн вант улсын  Стандарт банкнаас авсан зээлээ эргэн төөлгүй асуудлыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм.
 
Шалгалтаар Эрдэнэт үйлдвэрыг барьцаалан, төрийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтаар Ш.Батхүү нийт 109 сая долларын зээл авснаас ойролцоогоор 70 хувийг нь Олон-Овоотод зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна.
 
Тус хэргийн хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах зорилгоор “Жаст Ойл” компанийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 48 шатахуун түгээх станц болон “Мах маркет” компанийн үйлдвэрийг битүүмжлээд байна.
 
Ё.Отгонбаярын хэргийг Улсын прокурорын газарт шилжүүлжээ
 
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр, түүний гэргий О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй  О.Эрдэнэсолонгын Голомт, Зоос, Улаанбаатар, Төрийн банкуудад байрших нийт долоон ширхэг дансыг шалгаж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг битүүмжилжээ.
 
УИХ гишүүн Ё.Отгонбаяртай холбогдох хэргийг Улсын прокурорын газарт шилжүүлэн мөрдөн байцаалтын үйл явцыг хэвийн үргэлжлүүлж байна.
 
Н.Номтойбаярт яллах дүнэлт үйлдэн хэргийг шилжүүлсэн
 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Нямдорж нарт олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн.
 
Ан Жэ Маныг  4.5 сая долларын хөрөнгийг хураахаар болжээ
 
БНСУ-ын Сөүл  хотын шүүх тус улсын иргэн Ан Жэ Ман гэгч нь хууль бусаар олсон мөнгөөрөө манай улсад  “Ричфилд” нэртэй 6 давхар зочид буудал бариулж, “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн нарын хүмүүст бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Хэргийн холбогдогч Ан Жэ Маныг БНСУ-ын хуулийн дагуу 3.6 жилийн хорих ял, 4.5 сая долларын хөрөнгө хураалгах ялаар шийтгэсэн байна.
 
Мөн хэргийг шалгах явцад “Нарансаран” компанийн захирал Н.Баатаргэрэлтэй холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрсэн бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
 
Монгол иргэд 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогджээ
 
2013 оны 2 сарын 27-ны  өдөр БНХАУ-ын Шинжиан хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн эдийн үзэсгэлэн худалдааны танхимаас 10 сая юан буюу 2.3 тэрбум орчим төгрөгний үнэ бүхий сувдан эдлэлийг Монгол улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлж, Монгол улсын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгуулага тэдний орон байрнаас 6480 гр жинтэй  30089 ширхэг сувд 27 ширхэг байгалийн нил чулууг хураан авч, эрүүгийн хариуцлага татан шалгаж байна.
 
Шалгалтын явцад Монгол улсын иргэн М нь урд нь мөн ийм төрлийн хулгай хийж байсан нь тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Мөн Монгол улсын иргэн Д 2012 оны 5-6 сарын хооронд Хонконгд зохион байгуулагдсан олон улсын үнэт эдлэлийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ бүхий 1390 гр шүр хулгайлан, Монгол улсын хилээр нэвтрүүлэн оруулж ирснийг тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
 
Бага насны охидыг хүчирхийлэх хэрэг гарах нь ихсэж байна
 
25-30 насны эрэгтэйчүүд бага насны охидыг хууран мэхэлж машиндаа суулган, хүчирхийлэх хэрэг хэд хэд гарлаа. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдөр  Төв аймгийн нутаг дэвсгэрт 13 настай Ц, Э нарыг хууран мэхэлж машиндаа суулгаад  хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-аас ажлын хэсэг шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн этгээдийг  баривчилжээ. Охидыг хүчирхийлсэн этгээд нь СХД-ийн 26 дугаар хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, 30 настай  Т гэгч  юм байна.
 
Энэ сарын 7-8-нд шилжих  шөнө Улаанбаатарт улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй хөдөө аж ахуйн буудлын ойролцоо явж байсан 13 настай  охин Н-ийг хууран мэхэлж машиндаа суулган, Бага тэнгэрийн аманд аваачин хүчирхийлжээ. Хэргийг Улаанбаатар хотын харьяат 25 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоож баривчилсан  байна.
 
Түүний хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгслийг хураан авчээ. Мөн ийм төрлийн гэмт хэргүүд Төв аймагт гарч, хэрэгтнийг саатуулаад байгаа аж.

Сүүлийн үед энэ төрлийн хэрэгт бага насны охид өртөх байдал удаа дараа бүртгэгдэж байгаа тул  эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн  байгууллагаас анхаарууллаа. Мөн  дээрх байдлаар гэмт хэрэгт өртсөн бол УМБГ-т  яаралтай хандаж, мэдээллээ өгөхийг зөвлөж байна.
 
14.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
 
НӨАТ-ын орлогын эсвэл зарлагын баримт ашиглан, татвар төлөхөөс зайлхийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гарган, шалгаж эхэлжээ. Шалгалтын үр дүнд нийт 2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, мөн 45 аж ахуй нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан гэсэн үйлдэл тогтоогдсон байна. Үүнээс болж нийт 47.8 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт ороогүй, хохирол учирсан нь тогтоогджээ. Тиймд эдгээрээс 572 аж ахуй нэгжийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 
Мөн улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоос цагдаагийн байгууллага 14.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Түүнчлэн, НӨАТ-ын падаан хийж бичиж аж ахуй нэгжүүдэд худалдан борлуулсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Номтойбаярын хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байна  
Үзсэн: 4531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-11-16 11:11
Нөгөө алдартай бусад хэргүүд яасан бэ. Нисэхийнхний Дайны эрсдлийн даатгалын мөнгөний, Татварын албаны эрхмийн бас Тендер Түмэндэмбэрэлийн гэх мэт хэргүүд юу болсон бэ. Мартуулаад байгаа юмуу. Эсвэл шийдэгдчихсэн юмуу?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-15 21:39
ЭНИЙГ ЗААВАЛ УНШААСАЙ ЭНД СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛСЭН АСУУДАЛ БАЙХЫН ЗҮГЭЭР Л БАЙДАГ АСУУДАЛ ШИГ ХАНДААД БАЙГАА ЮМ ШИГЭЭ. ЭНЭ ХҮЧИН БҮР ХҮҮХЭД ХҮЧИНДЭЭД БАЙГАА НОВШНУУДАД ХУУЛИЙН МАШ ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙМААР БАЙНАА ЦАГДААГИЙНХААН ,ХУУЛИЙНХААН ,ЭРХЭМ ДАРГА НЭРТЭЙ НӨХДҮҮДЭЭ ,ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮН НЭРТЭЙ НӨХДҮҮДЭЭ,ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАЙ ТА НАР ОХИНТОЙ БИЗДЭЭ ХУУЛИА ЧАНГАЛААД БҮР ЦААЗААР АВЧААЧЭЭ ХҮН НЭРТЭЙ ХОГНУУДААР ЯАХ ЮМ БЭ НЭГ БОЛ ОЛОН НИЙТЭД ХАРУУЛЖ БАЙГААД ЗАСАЖ ХАЯАД ШОРОНД 30 ЖИЛ ХАДЧААЧЭЭ ЮУГ НЬ ХАЙРЛААД БАЙГАА ЮМ БЭ ДУУГАР Л ДАА ШИЙД Л ДЭЭ ТЭД ХӨӨРХӨН БЯЦХАН ОХИДЫГ ӨРӨВДӨЛДӨӨ
213.89.66.xxx [213.89.66.xxx] 2013-11-15 18:47
mash sain bnaa amjilt
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-11-15 18:42
хахуул авсан хэргүүдээ дурьдалгүй өнгөрсөн бололтой
182.160.45.xxx [182.160.45.xxx] 2013-11-15 18:33
Сайн байна . Амжилт хүсье
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2013-11-15 17:23
manai tsagdaa sain
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-11-15 15:50
ХУЖААГИЙН КОМПАНИД НЯГТЛАН ХИЙДЭГ НАНСАЛЖАВ ГЭГЧ АВГАЙ НӨТ-ийн ПАДААН ЗАРДАГ ШАЛГААРАЙ
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2013-11-15 15:45
Манай УМБГ ажлаа хийж байгаа юм байна улам цаашааа гүнзгийрүүлэн гэмт хэргийн гаралт болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг хүсье.

Бидэнтэй нэгдээрэй