Шууд Chart

Гурван хүүхдийн амийг аварсан цагдаа нарыг "Цагдаагийн алдар" тэмдгээр шагналаа

2017-06-06 17:35:40

Гурван хүүхдийн халуун амийг галын аюулаас аварсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Баттулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар, “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.



Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт алба хаагчдад шагнал гардуулахдаа албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үүрэгт нь амжилт хүссэн юм.

Цагдаагийн дэслэгч Б.Баттулга “Бид өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр дүүргийнхээ 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл, шалгалт хийж явах үед Согоотын ... тоотод айлын хашаа шатаж байхыг хараад шуурхай очиж шалгахад иргэн Ц-ийн хашаанд гал гарч байшин болон хажуу айлын хашаа руу орох эрсдэл үүссэн байсан. Хажуу айлын хүнд нь “Онцгой байдлын газарт дуудлага яаралтай өгөөрэй” гэж хэлээд, нэн түрүүнд гэртээ харгалзах хүнгүй байсан 4-12 насны гурван хүүхдийг аюулгүй газарт гаргаж, гарын доорх материал ашиглан түймрийг намжаан, унтрааж байхад онцгой байдлынхан ирж, бүрэн унтраасан. Гурван бяцхан хүүхдийг амь насыг галд өртөх аюулаас аварч чадсандаа хамгийн их баярлаж байгаа. Өнөөдөр шагнуулсандаа сэтгэл өндөр байна” гэж ярилаа.



Цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр, төртэй биелүүлж бяцхан үрсийн амь нас, бусдын эд хөрөнгийг үрэгдэх аюулаас аварсан алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.


Гурван хүүхдийн амийг аварсан цагдаа нарыг "Цагдаагийн алдар" тэмдгээр шагналаа   
Үзсэн: 2351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2017-06-07 01:06
Ёстой мундаг баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй