Шууд Chart

"НАСА" шинээр 219 гараг илрүүлжээ

2017-06-22 12:43:12

Америкийн үндэсний агаар сансрын захиргаа буюу "НАСА" агентлагийн НАСА-гийн Кеплер дуран авай шинээр 219 гараг илрүүлсэн бөгөөд түүний 10 нь дэлхийтэй хэмжээгээр ойролцоо гэж "Амес" судалгааны төвийн эрдэмтэн Марио Перез мэдэгдлээ.

Хэмжээгээр дэлхийтэй ойролцоо гарагууд хатуу гадаргуутай байж магадгүй төдийгүй эх одноосоо алтан дундаж зайд оршдог гэж үзэж байгаа аж. Энэ нь дээрх гарагуудын гадаргуу дээр ус шингэн төлөвт орших боломжтой гэсэн үг юм. 1988 оноос хойш эрдэмтэд манай нарны аймгаас гадна орших 5000 гаруй гараг илрүүлсэн бөгөөд 2009 оноос ашиглаж байгаа Кеплер дуран авайн олж илрүүлсэн гарагийн тоо 2325 хүрчээ.

Хамгийн гол нь энэ олон нээлтийн дунд 50 гаруй гараг нь хэмжээгээр дэлхийтэй ойролцоо бөгөөд 60 хувийг нь баталсан байна. Шинээр илрүүлсэн 10 гараг хэмжээгээр болон эх одноосоо алслах зай нь дэлхийтэй ойролцоо гэдгээс өөр мэдээлэл одоогоор байхгүй. Кеплер судалгааны багийн гишүүн Сюзан Томпсон “Манай нарны аймаг гаднаас нь харахад Ангараг, Сугар, Дэлхий гэсэн гурван гараг эх одноосоо алтан дундаж зайтай харагддаг. Гэхдээ энэ гурван гарагаас зөвхөн ганц дээр нь л амьдрал байдаг гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.

Кеплерийн шинэ мэдээллүүдийн ачаар бид манай нарны аймгаас гадна орших гарагуудыг хэмжээ, төрлийнх нь хувьд хэд хэдэн хэсэгт хувааж мэддэг болсон аж. Жишээлбэл, дэлхийтэй хэмжээгээр ойролцоо, дэлхийгээс том, далай вангаас жижиг гэх мэтээр ангилж байна. Харин Кеплер дуран авайг ашиглаж эхлэхээс өмнө манай нарны аймгаас гадна орших гарагуудын дийлэнх нь Бархасбадь шиг хэмжээтэй байдаг гэж таамагладаг байжээ.

Судалгааны ажлын сүүлийн үр дүнгээс үзэхэд манай галактикт байгаа нарны аймгаас гадна орших гарагуудын тал нь нэг бол хийн эсвэл бүр хатуу гадаргуугүй бөгөөд бидний мэдэх амьдралын хэлбэр оршин тогтнох боломжгүй байж болох юм. Харин нөгөө талаас манай дэлхийтэй хэмжээ, төлөв ойролцоо гарагуудын тоо ч чамгүй өндөр болжээ. Кеплер дурангийн үндсэн зорилго нь дэлхий шиг бөгөөд эх одноосоо алтан дундаж зайд оршдог гарагуудыг илрүүлэх. Тодруулбал, нартай төстэй одны аймагт дэлхийтэй төстэй гараг дээр бидэнтэй төстэй амьдрал байж болох гарагуудын тоог гаргах юм.

Кеплер дуран авайг энэ оны аравдугаар сараас ашиглахаа болих бөгөөд TESS, Жеймс Веббийн дуран авай зэрэг бусад төхөөрөмжүүд дэлхийгээс гадна орших амьдралын эрэлд гарна. "НАСА" өнгөрсөн гуравдугаар сард манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайтай нарны системийн орон зайд дэлхийтэй ижил хэмжээтэй долоон шинэ гарагийг олж илрүүлснээ албан ёсоор зарлаж байсан.

"НАСА"-гаас эдгээр гарагийг спицер гэх сансрын телескоп дурангийн тусламжтайгаар нээн илрүүлсэн байна. Одоогоор эрдэмтэд уг 7 гараг дээрх агаарын нягтрал, хөрсний шинж чанар, гэрлийн буюу дулааны эх үүсвэрийг хэрхэн хүлээн авч байгаа талаарх судалгааг хийж байгаа тухайгаа "НАСА" хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэллээ. Энэ шинэ нээлтээс өмнө эрдэмтэд дэлхийтэй төстэй хоёр ч гарагийг олж байжээ.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

"НАСА" шинээр 219 гараг илрүүлжээ   
Үзсэн: 2569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй