
Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол Улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.
Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Энэ нуур нь давслаг ихтэй (далайн усныхаас хоёр дахь бага, 18.8 ppt) бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас үүдэнэ.
Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас бий гэдэг.
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил.
Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлзэлтэй. Өвөл -58°C хүрч байхад зун 47°C байх жишээтэй.
Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэнээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон байдаг.
2003 онд ОХУ-тай хамтран Увс нуурын сав гэдэг нэрээр "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…" хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ.
Монгол орныг зорин ирэх жуулчдын үзвэл зохих газрын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх Цэнхэр хязгаарын ариун рашаан болсон Увс нуурын үзэмж төгс байгалийн зургаас та бүхэнд хүргэе.
Цэнхэр хязгаарын ариун рашаан Увс нуур | ||
Үзсэн: 5312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.