Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн "Монголын их амар амгалан" шүлгийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн минь эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!
Монголын их амар амгалан
Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өвс ногоо ганхах
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр Жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гэр дүүрэн хүүхэд
Монголын их амар амгалан,
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Алтай, хангай
Монголын их амар амгалан
Арван тавны тэнгэр
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн арвин тал
Монголын их амар амгалан
Ганган морьтой бүсгүйчүүд
Монголын их амар амгалан,
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан,
Тооноор туссан наран дотор
Мөлхөх хүү
Монголын их амар амгалан
Тогоотой сүү
Монголын их амар амгалан
Амар болоочийг тээсэн
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалаан...
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалаан...
Монголын их амар амгалан | ||
Үзсэн: 3720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.