Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Ард түмэндээ баярлалаа

2013-06-27 19:40:50

       Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн ялалтын баярын үеэр ард түмэндээ хандан хэлсэн үгийг хүргэе.
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. “Ард түмэндээ баярлалаа”. Ээж минь болсон аав минь болсон ард түмэндээ баярлалаа.  Эх орон дээдэсдээ баярлалаа, хөх мөнгөн тэнгэр эзэн Чингисдээ баярлалаа. Өнөөдөр 2,9 сая Чингис Монголын тал нутагт сэрж байна. Би ард түмэн та бүхнийхээ төлөө, Монгол улсын таныхаа төлөө өсгөсөн хүү шиг чинь үнэнчээр зүтгэнэ ээ.

      Би ард иргэддээ эрх чөлөө, аз жаргалыг нь эдлүүлэхийн төлөө, хууль шударга ёсыг тогтоохын төлөө зүтгэнэ ээ. Би улс орныхоо хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно. Ардчиллын буянаар, ард түмнийхээ буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль дэлхийн нүдийг нээсэн, дэлхийн чихийг дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Та бүхэндээ их баярлалаа. Ардчиллын буянаар алдартай аварга нэр дэвшлээ, мөн анх удаа МУ-ын төрийн тэргүүний сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшлээ.

       Энэ бол ардчиллын буян энэ бол ард түмний минь буян. Надтай өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ Н.Удвал нартайгаа хамтран ажиллах болно. Намайг дэмжсэн ард түмэн та бүхнийхээ итгэлийг авч миний өрсөлдөгчийг дэмжсэн тэр сонгогчдын итгэлийг хүлээж, тэр итгэлийг авахын төлөө улам шургуу ажиллана. Та бүхнийхээ итгэлийг даана аа. Үнэхээр өнөөдөр сайхан өдөр байна. Би Монгол улсынхаа нэр хүндийг олон улсад сайнаар авч явж чадах болно. Үүний төлөө зүтгэнэ гэдгээ та бүхэндээ хэлье. Би Монголын ард түмнийхээ хүсэл мөрөөдлийг, сайн сайхны төлөө гэсэн санал бүхнийг биелүүлэхийн төлөө зүтгэх болно. Дахин ард түмэндээ баярлалаа. Аав минь, ээж минь болсон ард түмэн таньдаа баярлалаа.

      Монгол түмний минь буян заяа, хийморь сүлд, ажил үйлс нь үргэлж өөдрөг байх болтугай. Миний Монгол мандтугай. Монгол түмний минь эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай. “Монгол улсын төлөө зүтгэе” гэлээ.  
А.Бүдрагчаа
 

Нийтэлсэн: Мөнхөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Ард түмэндээ баярлалаа   
Үзсэн: 1492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй