Хойд Америк тивийн цомын аварга шалгаруулах "Алтан цом" тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Санта Кларад боллоо. Энэ жил тэмцээнийг зохион байгуулагч АНУ болон Ямайкийн шигшээ багууд аваргын төлөө шалгаран өрсөлдсөн юм. 2 жил тутамд нэг удаа зохиогддог "Алтан цом" тэмцээнд Ямайкийн баг Мексикийн хүчирхэг багийг хагас шигшээд хожиж аваргын төлөө шалгарсан бол АНУ-ын баг Коста Рикагийн багийг хожин шигшээ тоглолтод өрсөлдөх эрхээ авсан юм.
Тоглолтын эхэнд Ямайкын багийн ахлагч Андре Блэйк гараа гэмтээснээр сэлгээний хаалгач Келлин Акоста талбайд гарсан. Улмаар эхний үеийн сүүлийн минутад АНУ-ын багаас Жози Алтидор хаалганаас 30 орчим метрийн зайнаас хаалттай цохилтоос гоёмсог нэгэн гоолыг оруулж, энэ өдрийн тоглолтын гоолын салхийг хагалсан. Тэрээр шигшээ багийнхаа төлөө 108 дахь тоглолтдоо оролцж 39 дэх гоолоо ийнхүү оруулсан юм.
Харин тоглолтын 2-р үе эхлээд Кемар Лавренсийн булангийн цохилтоос өгсөн дамжуулалтыг ЖеВонн Уотсон амжиллтай төгсгөж, Тим Ховардын хаалганд оруулсанаар тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Ингээд тоглолтын ялагч сүүлийн мөчид шийдэгдэж, АНУ-ын багаас 22 настай Жордан Моррис хүчтэй цохилтоор тооны харьцааг 2:1 болгожээ. "Мэйжор лиг"-ийн тэмцээний "Сиэтл Саундерс" багийн хагас хамгаалагч Жордан Моррис ийнхүү хожлын үнэтэй, цомын үнэтэй гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.
Брюс Арена дасгалжуулагчтай АНУ-ын шигшээ баг ийнхүү 6 дахь удаагаа хойд Америк тивийн аваргаар тодорч, 14 дэх удаагийн алтан цомын эзнээр тодорч байна. Ямайкийн баг харин 2 дахь удаагаа мөнгөн медаль хүртэж байгаа юм. Энэ сарын 9-ний өдрөөс хойш үргэлжлэн явагдсан энэ тэмцээнд нийтдээ 12 баг өрсөлдөн, 25 тоглолт болж 55 гоол орсоноор ийнхүү аваргууд нь тодорсон юм.
АНУ-ын шигшээ баг "Алтан цом"-д түрүүллээ | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.