"International Champions Cup" буюу Олон улсын "Аваргуудын цом" нөхөрсөг тэмцээнд өрсөлдөж байгаа нарлаг Испанийн хамгийн шилдэг 2 баг АНУ-ын Флорида мужийн Майами хотын “Хард Рок” цэнгэлдэхэд энэ тэмцээний сүүлийн тоглолтдоо учраа тааран тоглож, 66 мянга гаруй хөлбмбөгийн хорхойтнууд хүрэлцэн ирж энэ тоглолтыг үзжээ. Эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан Барсагийн залуус энэ өдөр өрсөлдөгчөө хожвол тэмцээний аваргын цомыг хүртэх боломжтой болоод байсан юм.
Тоглолт эхлээд гуравхан минутын дараа каталончуудаас дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, өдгөө 30 настай алдарт тамирчин Лионель Месси өөрийн ур чадварыг толилуулж, эхний гоолыг хаалганд оруулсан. Үүний дараа Барсагийн довтолгоон дахин амжилтыг олж, Неймарын дамжуулалтаар 29 настай Серби хагас хамгаалагч Иван Ракитич хаалганд хүчтэй цохиж, багийнхаа 2 дахь гоолыг оруулсан. Неймарын хувьд 3 гоол оруулсан амжилтаараа энэ тэмцээний мэргэн буучдыг тэргүүлж байгаа юм.
Зинедин Зидань дасгалжуулагчтай, "Аваргуудын лиг"-ийн 12 удаагийн аварга “Реал Мадрид”-аас энэ тоглолтын 14 дэх минутад Хорватын шигшээ багийн тамирчин Мэтео Ковачич тун чадварлаг тоглолтыг үзүүлж, гоолын зөрүүг 2:1 болгон ойртуулсан. Улмаар тоглолтын 36 дахь минутад “Лос Бланкосчууд”-ын сөрөг довтолгоон дахин амжилттай болж, Испанийн эзэн хааны багийн шинэ залуу од 21 настай Испани залуу Марк Асенсио Мэтео Ковачичийн дамжуулалтаар тэнцээний гоолыг оруулсан.
Тэгвэл тоглолтын 2-р үед Неймарын чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтаар “Барселона” клуб болон Испанийн шигшээ багийн шилдэг хамгаалагч Жерард Пике, Кейлор Навасын хаалганд гоолыг оруулсанаар багтаа дахин тэргүүллийг авчирсан. Ийнхүү тоглолтын үндсэн цагт Эрнесто Вальверде дасгалжуулагчтай “Барселона” клуб өрсөлдөгчөө хожсоноор “Аваргуудын цом” нөхөрсөг тэмцээнийг 3 тоглолт хийж, 3 хожсон амжилттайгаар өндөрлүүлжээ. Улмаар энэ тоглолтын дараа тэмцээний аваргуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн 5 удаагийн аварга, Испанийн лигийн 24 удаагийн аварга Барселончууд анх удаагаа “Аваргуудын цом” тэмцээний цомын эзэн боллоо.
"Барселона" клуб "Аваргуудын цом"-д түрүүллээ | ||
Үзсэн: 2789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.