Шууд Chart

"Универсиад-2017"-д туялзуур сэлэмний төрлөөр оролцох тамирчид

2017-08-03 18:35:23

Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р Универсиад наадам Хятадын Тайваньд зохион байгуулагдана. Энэ удаагийн "Бага олимп"-д Монгол улс спортын 9 төрлөөр 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. МОСХ-ны удирдлагууд туялзуур сэлэмний төрлөөр энэ зуны Универсиад наадамд оролцох тамирчдын бэлтгэлийн явцтай танилцаж, дэлхийн оюутан зайлуусын манлайлан, арвин амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Зуны 29-р Универсиад наадамд манай улсаас туялзуур сэлэмний төрлөөр эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцоно. Универсиад наадмын тэмцээнүүд хүнд сэлэм, хөнгөн сэлэм, илд сэлэм болон багийн төрлүүдээр явагдах юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний ганцаарчилсан болон багийн төрөлд Б.Амарболд, Э.Дөлгөөн, Э.Бат-эрдэнэ, Ц.Жигжидсүрэн нар оролцох бол эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний ганцаарчилсан болон багийн төрөлд Б.Гэрэлмаа, Б.Амарзаяа, О.Анударь, Б.Цолмон нар өрсөлдөх юм. Баг тамирчдын бэлтгэлийг туялзуур сэлэмний оюутны шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганбаатар удирдан явуулж байна. 

Туялзуур сэлмийн төрлөөр универсиад наадамд оролцох баг тамирчид энэ сарын 15-нд Тайванийг зорьж, Тайпей хотноо 3 хоногийн хугацаанд гадны орны тамирчидтай бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Универсиад наадмын туялзуур сэлмийн тэмцээн 8-р сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. 

Монголын сэлэмчдийн хувьд дэлхийн оюутан залуучуудын их наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна. Өмнө нь 2015 онд БНСУ-ын Гуанжу хотноо болсон универсиад наадамд монголын тамирчид ур чадвараа сорьж байсан юм. Харин энэ удаагийн универсиад наадамд 8 тамирчнаас гадна, дасгалжуулагч багш, 2 албаны хүн гэсэн нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тайвань улсыг зорихоор болжээ.

Зуны Универсиад 2017 наадмын туялзуур сэлэмний тэмцээн Тайпэй хотын Дэлхийн худалдааны төвийн “Нанган” үзэсгэлэн чимэглэлийн төвийн 1 дүгээр зааланд болно. Үзэгчдийн суудлын тоо нь 500. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 30 км-т оршдог юм. Туялзуур сэлэмний тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэл нь Тайпэй хотын “Нанган” үзэсгэлэн чимэглэлийн төвийн 1 дүгээр зааланд явагдана. 
Эрэгтэйчүүд: хүнд сэлэм, хөнгөн сэлэм, илд сэлэм болон багийн төрлөөр явагдана. 
Эмэгтэйчүүд: хүнд сэлэм, хөнгөн сэлэм, илд сэлэм болон баг төрлөөр явагдана. 
Техникийн эхний зөвлөгөөн 8 сарын 19-нд 09:00 цагаас Дэлхийн худалдааны төвийн “Нанган” үзэсгэлэн чимэглэлийн төвийн, 1 дүгээр зааланд болно.
Тэмцээний хуваарь: Туялзуур сэлэмний тэмцээн 8 сарын 20-25-нд болно.
8 сарын 20-нд 07:30-08:45 цагт тамирчдын бие хаалт явагдана. 
09:00 - 11:30 цагийн хооронд эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний ганцаарчилсан урьдчилсан болон хасагдах шатны тулаанууд явагдаж дуусна. 15:00 цагт 4/1-т үлдэх тулаан болно. 18:30 цагаас хагас шигшээ тулаанаар үргэлжилж 19:40 цагаас медалийн шигшээ тоглолт явагдаж 20:30 цагт шагнал гардуулах ёслол болно. Энэ төрөлд Б.Гэрэлмаа, Б.Амарзаяа, О.Анударь, Б.Цолмон нар өрсөлдөнө.
8 сарын 21-нд 07:30-08:45 цагт тамирчдын бие хаалт явагдана. 
09:00 - 14:20 цагийн хооронд эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний ганцаарчилсан урьдчилсан болон хасагдах шатны тулаанууд явагдаж дуусна. 15:00 цагт 4/1-т үлдэх тулаан болно. 18:30 цагаас хагас шигшээ тулаанаар үргэлжилж 19:50 цагаас медалийн шигшээ тоглолт явагдаж 20:40 цагт шагнал гардуулах ёслол болно. Энэ төрөлд Б.Амарболд, Э.Дөлгөөн, Э.Бат-эрдэнэ, Ц.Жигжидсүрэн нар өрсөлдөнө. 
8 сарын 23-нд 07:30-08:45 цагт тамирчдын бие хаалт явагдана. 
09:00 цагаас эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний Монголын багийн төрлийн хасагдах шатны тулаан явагдана. 10:30 цагт 4/1-т үлдэх тулаан болж 12:00 цагаас хагас шигшээ тулаан болно. 17:00 цагаас медалийн шигшээ тулаан явагдаж 19:00 цагт шагнал гардуулах ёслол болно.
8 сарын 24-нд 07:30-08:45 цагт тамирчдын бие хаалт явагдана. 
09:00 – 10:30 цагийн хооронд эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний Монголын багийн тэмцээний хасагдах шатны тулаан явагдана. 12:00 цагт 4/1-т үлдэх тулаан болж 13:30 цагаас хагас шигшээ тулаан болно. 15:00 цагаас 3 ба 4 дүгээр байрын төлөөх тулаан болж, 17:00 цагаас медалийн шигшээ тулаан явагдаж 19:10 цагт шагнал гардуулах ёслол болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Универсиад-2017"-д туялзуур сэлэмний төрлөөр оролцох тамирчид  
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй