![](/uploads/201708/news/thumb/5af93575430aa748534ae9147da4fb1d_x3.jpg)
Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р наадам Хятадын Тайваньд энэ сарын 19-30-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. Өнөөдөр МОСХ болон БТСГ-ын удирдлагууд энэ удаагийн зуны Универсиад наадамд таеквондогийн төрлөөр оролцох тамирчдын бэлтгэлтэй танилцаж, бага олимп хэмээн нэрлэгддэг Универсиад наадамд арвин амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Дэлхийн оюутны универсиад их наадамд таеквондогийн төрлөөр манай улсаас 18-23 насны 5 тамирчин оролцоно. Баг тамирчид одоогоор таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарын удирдлага дор Хандгайтад байрлах Д.Содномзундуйн нэрэмжит “Олимп” цогцолборт байрласан бэлтгэлд гараад байна. Универсиад наадмын таеквондогийн төрөлд Монгол улсыг төлөөлж, 54 кг-н жинд Т.Билэгсайхан, 58 кг-н жинд ОУХМ М.Түмэнбаяр, 63 кг-н жинд Э.Буяншагай, 68 кг-н жинд Рио-2016 зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон, ОУХМ П.Тэмүүжин, 74 кг-н жинд А.Нацагдорж нар өрсөлдөх юм.
Монгол улсын тамирчин ОУХМ Моломын Түмэнбаярын хувьд энэ зун ДАШТ-д шагналт 5-р байрт шалгарч, олимпийн эрхийн оноо олгох, БНСУ-ын нээлттэй тэмцээнд алтан медалийг хүртээд байгаа билээ. Мөн энэ зун БНСУ-д болсон “Кореа Опен” тэмцээнд манай улсын тамирчид анх удаа олон улсын тэмцээний багийн төрөлд өрсөлдсөн юм. Энэ удаагийн Универсиад наадамд монголын баг тулааны ганцаарчилсан төрлөөс гадна багийн төрөлд ихээхэн анхаарал хандуулж байна. Мөн өнгөрсөн 7-р сард Япон улсад 14 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэлд оролцоод иржээ.
Манай улсын баг тамирчид таеквондогийн төрлөөр 5 дахь удаагаа оюутны их наадамд өрсөлдөх гэж байгаа юм. Энэ удаагийн наадамд оролцох гэж байгаа тамирчдаас М.Түмэнбаяр, П.Тэмүүжин, А.Нацагдорж нар 2015 онд БНСУ-ын Гуанжу хотноо болсон универсиад наадамд оролцож байсан туршлагатай.
Зуны 29-р универсиад наадамд таеквондогийн төрлөөр оролцох 5 тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Хур Ин Ёны хамтаар энэ сарын 14-ний өдөр Тайванийг зорих юм байна. Улмаар Тайпей хотноо гадны орны тамирчидтай 4 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, 8-р сарын 22-26-ны өдрүүдэд энэ удаагийн оюутны их наадмын тэмцээндээ оролцох юм.
Зуны Универсиад 2017 наадмын жүдо бөхийн тэмцээн Таюуан хотын спортын ордны B1 давхарт болно. Үзэгчдийн суудлын тоо нь 3200 юм. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 17.8 км-т баруун урагш зүгт оршдог юм.
Таэквондогийн тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэл нь Таюуан хотын Санмин дүүргийн спортын ордоны В2 давхарт явагдана. Энэ ордон нь тамирчдын тосгоноос 17.8 км зайтай оршдог.
Эрэгтэйчүүд: 54 кг, 58 кг, 63 кг 68 кг 74 кг, 80 кг, 87 кг болон багийн тулааны төрлөөр явагдана.
Эмэгтэйчүүд: 46 кг, 49 кг, 53 кг, 57 кг, 62 кг, 67 кг, 73 кг болон багийн тулааны төрлөөр явагдана.
Техникийн эхний зөвлөгөөн 8 сарын 18-нд 18:00 цагаас “Таюуан” спортын ордон болно.
Тэмцээний хуваарь: Таэквондогийн тэмцээн 8 сарын 20-26-нд болно. Монголын багийн тамирчид 22-26-нд тулалдана.
-8 сарын 22-нд 09:00-12:00 цагуудад -68 кг-д П.Тэмүүжин, -54 кг-д Т.Билэгсайхан нар урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.
-8 сарын 23-нд 09:00-12:00 цагт -58 кг-д М.Түмэнбаяр урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ, 18:00-19:00 цагт медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.
-8 сарын 24-нд 09:00-12:00 цагт -74 кг-д А.Нацагдорж урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.
-8 сарын 25-нд 09:00-12:00 цагт -63 кг-д Э.Буяншагай урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.
-8 сарын 26-нд 09:00-12:00 цагт эрэгтэй багийн кёруги тулаанд М.Түмэнбаяр, Э.Буяншагай, П.Тэмүүжин, А.Нацагдорж нар тулалдана. 13:30-17:30 цагт багийн хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тулаан болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.
"Универсиад-2017"-д таеквондогийн төрлөөр оролцох тамирчид | ||
Үзсэн: 2463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.