Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р наадам Хятадын Тайваньд энэ сарын 19-30-ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. Өнөөдөр МОСХ болон БТСГ-ын удирдлагууд энэ удаагийн зуны Универсиад наадамд пүүл билльярдын төрлөөр оролцох тамирчдын бэлтгэлтэй танилцаж, бага олимп хэмээн нэрлэгддэг Универсиад наадамд арвин амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог дэлхийн универсиад наадамд пүүл бильярдын төрлөөр монгол улсаас О.Баасандорж, С.Мянганбаяр, Б.Нарантуяа, Б.Уянга нарын 20-22 насны 4 тамирчин ганцаарчилсан болон эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд оролцоно. Баг тамирчид одоогоор дасгалжуулагч багш Л.Баттулгын удирдлага дор МПБХ-ны “Шайянь” клубын байранд бэлтгэлээ хангаж байна. Монголын покет бильярдын холбооноос универсиадад оролцох тамирчдынхаа бэлтгэлд зориулж, Тайваньд тоглох ширээ, ширээний цэмбэ, тоглолтын бөмбөг гээд тухайн тэмцээний стандарттай адил техник хэрэгслүүдээр тамирчдаа хангаад байгаа юм. Мөн манай улсын мэргэжлийн шилдэг тамирчид энэ удаагийн оюутны их наадамд өрсөлдөх оюутан залуустайгаа хамтарсан бэлтгэл хийж байгаа юм байна.
Энэ тэмцээнд манай улсын хамгийн шилдэг залуу тамирчид өрсөлдөхөөр болоод байгаа юм. Б.Нарантуяа УАШТ-д 6 удаа түрүүлж байсан бол Б.Уянга 2 удаа, С.Мянганбаяр нэг удаа түрүүлж байжээ.
Пүүл бильярдын спортоор дэлхийд тэргүүлэгч Тайвань улс зохион байгуулагч орны давуу эрхтэй учраас энэ удаагийн универсиад наадмын хөтөлбөрт пүүл бильярдын төрөл үзүүлэх тоглолтын төрлөөр нэмэгдэж орохоор болсон юм. Универсиад наадмын тэмцээн пүүл бильярдын тэмцээн “Nine ball” буюу “9 бөмбөгтэй” тоглолтын төрлөөр явагдах юм. Тэмцээнд эрэгэтэй, эмэгтэй шилдэг 32 тамирчин өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн хувьд түрүүлж 11 хожсон нь, эмэгтэйчүүд түрүүлж 9 хожсон нь цааш шалгарч, хасагдах журмаар тоглох юм.
Бильярдын төрлөөр универсиадад орох 4 тамирчин дасгалжуулагчийнхаа хамтаар энэ сарын 22-нд Тайпей хотыг зорьж, 25-29-ний өдрүүдэд дэлхийн шилдгүүдтэй техник, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Зуны Универсиад 2017 наадмын бильярдын тэмцээн нь Тайпэй хотын Үзэсгэлэн чимэглэлийн EXPO төвд болно. Үзэгчдийн суудлын тоо нь 304 байна. Энэхүү төв нь тамирчдын тосгоноос 20 км зайтай байрлана. Бильярдын тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэлийг Тайпэй хотын Үзэсгэлэн чимэглэлийн EXPO төвийн байранд хийнэ. Техникийн эхний зөвлөгөөн 8 сарын 23-нд 15:00 цагаас Үзэсгэлэн чимэглэлийн EXPO төвийн байранд болно.
Эрэгтэйчүүд: Ганцаарчилсан 9 бөмбөг, эрэгтэй хос төрлөөр явагдана. Нэг орноос 2 тамирчин оролцоно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 32 тамирчин өрсөлдөнө. Хосын төрөлд 16 хос оролцоно.
Эмэгтэйчүүд: Ганцаарчилсан 9 бөмбөг, эмэгтэй хос төрлөөр явагдана. Нэг орноос 2 тамирчин оролцоно. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 32 тамирчин өрсөлдөнө. Хосын төрөлд 16 хос оролцоно.
Тэмцээний хуваарь: Тэмцээн 8 сарын 25-29-нд 5 өдөр үргэлжилнэ.
8 сарын 25-нд 09:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн төрлийн 1 дүгээр тойргийн тоглолтоор тэмцээн эхлэнэ. Эрэгтэйчүүд энэ өдөр 11:30 цагаас ганцаарчилсан төрлөөр 1 дүгээр тойргийн тоглолтоор өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн хоёрдугаар тойрогийн тоглолт 14:00 цагаас үргэлжлэх бол эрэгтэй 2 тойрог 16:30-д эхэлж явагдана. Энэ төрөлд Б.Нарантуяа, Б.Уянга, О.Баасандорж, С.Мянганбаяр нар өрсөлдөнө.
8 сарын 26-нд 09:00 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн 3 дугаар тойргийн тоглолтоор тэмцээн эхлэнэ. Эрэгтэйчүүд энэ өдөр 11:30 цагаас ганцаарчилсан төрлөөр 3 дугаар тойргийн тоглолтоор өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн хасагдах шат 14:00 цагаас үргэлжлэх бол эрэгтэй хасагдах шат 16:30-д эхэлж явагдана.
8 сарын 27-нд 09:00 цагаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн хагас шигшээ тоглолтоор тэмцээн эхлэнэ. Эмэгтэйчүүд энэ өдөр 11:30 цагаас ганцаарчилсан төрлөөр хагас шигшээ тоглолтоор өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт 14:00 цагаас үргэлжлэх бол эмэгтэй шигшээ тоглолт 16:30-д явагдаж эрэгтэй, эмэгтэй 9 бөмбөгийн ганцаарчилсан тоглолтууд өндөрлөнө.
8 сарын 28-нд 09:00 цагаас эрэгтэй хосын О.Баасандорж, С.Мянганбаяр нар нь 9 бөмбөгийн 1 дүгээр тойргийн тоглолтоор эхлэж, эмэгтэй хосын Б.Нарантуяа, Б.Уянга нар нь 9 бөмбөгийн 1 дүгээр тойрогийн хосын тоглолт 11:30 цагаас явагдана. Эрэгтэй хосын 9 бөмбөгийн хасагдах шатны тоглолт 14:00 цагаас, эмэгтэй хосын 9 бөмбөгийн хасагдах шатны тоглолт 16:30 цагаас эхэлнэ.
8 сарын 29-нд 09:00 цагаас эрэгтэй хосын 9 бөмбөгийн хагас шигшээ тоглолт эхлэж, эмэгтэй хосын 9 бөмбөгийн хагас шигшээ тоглолт 11:30 цагаас явагдана. Шигшээ медалийн тоглолт эрэгтэй хосын 9 бөмбөгийн төрөл 14:00 цагаас, эмэгтэй хосын 9 бөмбөгийн шигшээ тоглолт 16:30 цагаас явагдаж аваргуудаа тодруулна.
"Универсиад-2017"-д пүүл бильярдын төрлөөр оролцох тамирчид | ||
Үзсэн: 1746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.