Сүүлийн өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан Бразилын шигшээ шигшээ багийн довтлогч Неймарын наймаа эцэслэгдсэн байна. Неймар Испанийн “Барселона” клубыг орхиж Францын “ПСЖ” клубт хүчин зүтгэхээр боллоо. Энэхүү шилжилт хөдөлгөөн 198 сая паунд буюу 222 сая еврогийн үнээр хийгдсэнээр Неймар манай гарагийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж байна. Түүнийг өнөөдөр "ПСЖ" клубын удирдлагууд албан ёсоор олон нийтэд танилцуулжээ.
25 настай Бразил довтлогч Неймар Баризилын “Сантос” клубээс 2013 онд Каталоны “Барселона” клубт 57.1 сая еврогийн үнээр ирж, 5 жилийн гэрээг байгуулж байсан. Улмаар өнгөрсөн жил түүний гэрээг шинэчлэн байгуулахдаа Неймарын “Барса”-тай байгуулсан гэрээг цуцлах боломжтой мөнгөн дүн нь 222 сая евро хэмээх заалтыг оруулсан юм. Энэ нь тухайн хэмжээний мөнгийг ямар нэг клуб төлөх боломжгүй, хэрвээ төлсөн тохиолдолд барсад алдах зүйлгүй наймаа болно гэж үзсэний үндсэн дээр гэрээний заалтад оржээ.
Неймарын хувьд энэ сарын 1-ий өдөр "Барса"-гаас явах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, багийн бэлтгэл дээр "Барса"-гийн тамирчидтай салах ёс гүйцэтгэсэн. Улмаар түүний аав болон агент нь энэхүү саналыг дэмжиж, өчигдөр "ПСЖ" клубын эмчийн үзлэгт орон тэнцжээ. Неймар да Силва Сантос Жуниор Францын нийслэл хотын багт ийнхүү 222 сая еврогийн үнээр буюу 633 тэрбум төгрөгийн үнээр хүрэлцэн ирж байна.
Катарын тэрбумтан эзэнтэй Францын “ПСЖ” багаас Неймарын авах цалин мэдээж анхаарал татсан асуудал болж байна. Франц улсын хувьд тухайн иргэний авч байгаа сарын цалин 152 мянган еврогоос дээш байвал 45 хувийн орлогын татварыг авдаг байна. Тэгвэл Францын багт 5 жил тоглох Неймарын “ПСЖ” кулбээс авах цалин нь жилд 44 сая евро, сард 3,7 сая евро, хоногт 120 мянган евро, 1 минутанд 23 евро байх болно. Хэрвээ энэ мөнгөн дүнг төгрөгт шилжүүлбэл татварын тараах байдлаар Неймар жилд 69 тэрбум еврог авна. Харин 1 минутийн хугацаанд 132 мянган төгрөг түүний дансанд орж байх юм.
Неймарын хувьд “Барса”-гийн төлөө 2013 оноос хойш 4 улирал тоглохдоо нийт 186 тоглолтод оролцож 105 гоол оруулсан шилдэг амжилтыг үзүүлсэн. Түүнчлэн 2 удаа Испанийн аваргаар тодорч, Испанийн эзэн хааны цомын тэмцээнд 3 удаа түрүүлжээ. Мөн 2015 онд ЕХХ-ны “Аваргуудын лиг” болон ОУХБХ-ны Клубуудын ДАШТ-д түрүүлэхийн зэрэгцээ Бразилын шигшээ багийнхаа хамтаар 2016 оны Риогийн олимпийн наадамд түрүүлж, Бразил улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн төрлөөр олимпийн наадмын аварга болсон юм.
Неймар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин боллоо | ||
Үзсэн: 2452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.