![](/uploads/201708/news/thumb/e7bef9f82589e3dfecde6e8333f78baa_x3.jpg)
ХБНГУ-ын аварга шалгаруулах “Бундес лиг”-ийн тэмцээн болон “Холбооны цом”-ын тэмцээн гэсэн 2 томоохон тэмцээнд түрүүлсэн 2 баг жил бүр Германы сүпер цомын төлөөх тоглолтыг хийдэг уламжлалтай. 2016/2017 оны улирлын Бундес лигийн аварга “Байерн Мюнхен”, Холбооны цомын эзэн “Боруссиа Дортмунд” багууд энэ өдөр сүпер цомын төлөө "Сигнал Идуна Парк"-д өрсөлдсөн байна.
Германд төдийгүй Европ тивдээ дээгүүр амжилтыг үзүүлдэг энэ 2 баг Германы “Супер цом”-д хамгийн олон удаа буюу адил 5 удаа түрүүлж байсан амжилттай. 80 мянга гаруй хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхсон энэ өдрийн тоглолт эхлээд 12 дахь минутад “Боруссиа Дортмунд”-ын залуу од өдгөө 18 настай Кристиан Пүлисич тооны харьцааг нээж, мянга мянган хөгжөөн дэмжигчээ суудлаас нь босгосон. Пүлисич энэ удаад Испани залуу Хави Мартинезийн бөмбөгийг таслаж, сөрөг довтолгооноор энэхүү гоолыг оруулсан юм. Энэ гоол орсоноос 6 минутын дараа “Бундес лиг”-ийн 27 удаагийн аварга, “Байерн Мюнхен” багаас Германы шигшээ багийн залуу тамирчин Иошуа Киммигийн маш гоё дамжуулалтаар багийн шилдэг довтлогч Роберт Левандовски тэнцээний гоолыг оруулжээ. Багийн мэргэн бууч, Польш довтлогчийн хувьд өнгөрсөн улирал “Бундес лиг”-т 33 тоглолтод талбайд гарч 30 гоол оруулсан амжилтыг үзүүлээд байгаа юм.
Тоглолтын 2-р үе эхлээд талбайн эзэн баг Петер Бош дасгалжуулагчтай “Дортмунд”-ын залуус дахин тэргүүллийг авсан. Энэ удаад тоглолтын 71 дэх минутад өнгөрсөн улирал Германы “Бундес лиг”-т 32 тоглолтод 31 гоол оруулж, шилдэг мэргэн буучын шагналыг хүртсэн Габон Довтлогч Пьер Эмерик Обамянг Оусман Дембелегийн дамжуулалтаар гоолыг оруулжээ. Харин тоглолтын төгсгөлд “Байерн”-ы залуус тооны харьцааг дахин тэнцүүлэх боломжоо ашиглаж “Дортмунд”-ын хаалгач Роман Бюрки өөрийн хаалгандаа бөмбөгийг оруулжээ.
Улмаар нэмэлт цагт гоол оролгүй өндөрлөснөөр Германы “Сүпер цом”-ын эзнийг торгуулийн цохилтоос шийдвэрлэж, Испани хамгаалагч Марк Бартрагийн цохилтыг “Байерн Мюнхен” клубын 2-р хаалгач Свен Ульрэй амжилттай хааснаар баг нь торгуулийн цохилтод 5:4-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожлоо.
Карло Анчелоттигийн баг ийнхүү 6 дахь удаагаа Германы “Сүпер цом”-ыг хүртэж байна. Багийн ахлагч Филипп Лам зодог тайлж, түүний ахлагчийн туузыг авсан Мануэл Нойер бэртэлтэй байгаа учраас энэ өдөр багийн ахлагчийн үүргийг хүлээн талбайд гарсан, Герман довтлогч Томас Мюллер цомыг өргөжээ.
“Байерн Мюнхен” 6 дахь "Сүпер цом"-оо хүртлээ | ||
Үзсэн: 1720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.