Олон улсын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг шигшээ багуудын дундах томоохон тэмцээн эмэгтэй багуудын дэлхийн “Гран-При” энэ жил БНХАУ-ын Нанжинь хотноо зохион байгуулагдаж байна. 2017 оны Волейболын дэлхийн “Гран-При” тэмцээнд шилдэг 32 орны баг тамирчид өрсөлдөж, өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болсоноор медалийн төлөө өрсөлдөх багууд тодорчээ. Өнгөрсөн 7-р сарын 7-ны өдөр эхэлсэн 25 дахь удаагийн эмэгтэйчүүдийн дэлхийн “Гран-При” тэмцээнийн дүрэм ёсоор дэлхийн 5 тивээс амжилтаараа шалгарсан шилдэг 32 баг өрсөлдлөө. Тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан, өнгөрсөн зуны Риогийн олимпийн мөнгөн медальт Сербийн шигшээ баг, Олимпийн наадмын хошой аварга Бразилийн шигшээ багуудын тоглолт энэ өдөр боллоо.
Зоран Терзич дасгалжуулагчтай Сербийн шигшээ баг энэ өдрийн тоглолтыг маш сайн эхлүүлсэн байна. Тэр дундаа багийн шилдэг довтлогч, өдгөө 20 настай Тияана Бошкович энэ үед 9 оноо авч баг нь 25:20-ын харьцаатай эхний ээлжийн тоглолтод өрсөлдөгчөө хожжээ. Харин тоглолтын 2-р үеээс эхлэн Бразилын баг шилдэг тоглолтоо гаргаж, 25:23, 25:14, 25:23-ын харьцаатай 3 ээлжийн тоглолтод дараалан хожсоноор нийт 4 үеийн тоглолтод 3:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Дэлхийн их дуулга тэмцээнд 11 удаа түрүүлж, 5 удаа мөнгөн медаль хүртсэн Бразилын баг энэ өнөөдрийн тоглолтод ийнхүү хүчтэй өрсөлдөгчөө хожсоноор 17 дахь удаагаа дэлихйн "Гран-При" тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч байна. Бразилын багаас энэ өдөр Сейшета 23 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Друссила Коста 11 оноо, Наталиа Перейра, Тандара нар тус бүр 10-аас дээш оноо авч багаа хожилд хөтөлжээ.
Бразилын баг дэлхийн “Гран-При”-гийн аваргын төлөө шалгарлаа | ||
Үзсэн: 2090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.