Шууд Chart

Уганда улстай дипломат харилцаа тогтоолоо

2013-11-21 11:13:06

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Уганда Улстай 11 дүгээр сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Уганда Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ричард Ндухуура нар гарын үсэг зурав. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Монгол, Бүгд Найрамдах Уганда Улсын Байнгын төлөөлөгчид захидал мөн илгээв.   

Бүгд Найрамдах Уганда Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна. Тухайлбал, далайд гарцгүй хөгжиж орнуудын эрх ашгийг хамгаалах, уул уурхайн салбарт харилцан туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.    

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Уганда улстай дипломат харилцаа тогтоолоо  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй