![](/uploads/201708/news/thumb/1a1d88bdeb3363247d746f94f21959ac_x3.jpg)
4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг эмэгтэйчүүдийн ЕАШТ Нидерланд улсад зохион байгуулагдаж байна. 2017 оны европын аваргын цомын төлөө тэмцээнийг зохион байгуулагч орон Нидерланд, Данийн шигшээ багууд өрсөлдсөн юм.
ЕХХ-ноос 12 дахь удаагаа зохион байгуулсан эмэгтэй шигшээ багуудын ЕАШТ өнгөрсөн 7-р сарын 16-нд эхэлж, буурал тивийн шилдэг 16 баг ур чадвараа сорин өрсөлдсөний эцэст аваргаа тодрууллаа. Тэмцээний сүүлийн буюу 31 дэх тоглолт энэ өдөр тун сонирхолтой болж, нийтдээ 6 гоол хаалганд орсон байна. Тоглолт эхлээд 1-р үеийн 6 дахь минутанд зочин баг Данийн шигшээ баг торгуулийн цохил хийх эрх авч, багийн довтлогч Надиа Надим тооны харьцааг нээж чадсан. Гэсэн ч үүнээс 4-хөн минутын дараа Нидерландын багийн шилдэг залуу довтлогч Вивианне Миедема тооны харьцааг тэнцүүлж чаджээ. Улмаар түүний багийн хамтрагч Лиеке Мартенс тоглолтын 28 дахь минутанд хүчтэй цохилтоор гоолыг орууж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Тэгвэл Данийн шигшээ багийн довтлогч Пернилле Хардер 33 дахь минутад сөрөг довтолгооноор тооны харьцааг тэнцүүлэн 2:2 болгожээ.
Энэ тоглолтын 2-р үе эхлээд Нидерландын баг дахин тэргүүллийг авч чадсан байна. Энэ удаад Шерида Спице хаалттай цохилтоос багийнхаа 3 дахь гоолыг оруулсан юм. Улмаар тоглолтын 89 дэх минутад энэ тоглолтын эхний гоолыг оруулаад байсан Вивианне Миедема энэ өдрийн 2 дахь гоолоо, багийнхаа 4 дэх гоолыг оруулсанаар тоглолтын ялагч ялагдагчийг шийдвэрлэсэн юм. Ийнхүү өөрийн эх орондоо зохион байгуулсан энэ тэмцээндээ Нидерландын шигшээ баг аваргалсанаар, ЕАШТ-д түүхэндээ анх удаа аваргын цомыг нь хүртэж байгаа юм.
Энэ удаагийн европын аваргын тэмцээнд нийтдээ 68 гоол орж, тэмцээний шилдгээр Нидерландын шигшээ баг болон “Барселона” клубын хагас хамгаалагч Лиеке Мартенс тодорсон байна. Данийн шигшээ багийн хувьд мөн энэ тэмцээний түүхэн дэх дээд амжилтаа үзүүлж, анх удаа Европын аваргын мөнгөн медалийн эзэд боллоо.
Нидерландын шигшээ баг анх удаа европын аварга боллоо | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.