![](/uploads/201708/news/thumb/7dd3876c68994d66262f0e051321d520_x3.jpg)
Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р универсиад их наадам энэ сарын 19-ний өдөр Хятадын Тайваньд эхлэх гэж байна. Универсиад наадам дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин төлөөлөгчид хүрэлцэн ирж, 306 багц медалийн төлөө спортын 19 төрлөөр өрсөлдөх юм. Энэ наадамд монгол улс спортын 9 төрлөөр 76 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Өнөөдөг баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хурлын танхимд боллоо.
Өнөөдрийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын их, дээд сургуулиудын консорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга, Азийн оюутны спорытн холбооны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан нарын тэргүүтэй БСШУСЯ, ЗГХА-БТСГ, Монголын их, дээд сургууль, спорт холбоодын удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо.
Энэ наадамд дотоодын болон гадны 18 их дээд сургуулийн эрэгтэй 29, эмэгтэй 22 тамирчин монгол улсыг төлөөлөн оролцоно. Өнөөдөр монголын баг тамирчдыг төлөөлж, Таеквондогийн үнэдний шигшээ багийн тамирчин, 2016 оны ази тивийн аварга, 2017 оны ДАШТ-ий 5-р байрын шагналт, ОУХМ Моломын Түмэнбаяр болон хүндийн өргөлтийн залуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ганзоригийн Анужин нар тамирчны тангараг өргөсөн юм. Үүний дараа универсиад наадамд оролцох баг тамирчдад монгол улсын төрийн далбайг гардуулах ёслол болж, энэ наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх тамирчин, 2013 оны ОХУ-ын Казанийн Универсиад наадмын мөнгө, хүрэл медальт, Кураш бөхйин дэлхийн аварга, ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал болон 2017 оны Универсиад наадамд оролцох Монголын багийн ахлагч Д.Жаргалсайхан нар эх орныхоо төрийн далбайг гардан авсан юм. Түүнчлэн 2015 оны Гуанжугийн Универсиад наадмын хөнгөн атлетикийн багийн төрөлд 4-р байрт шалгарч, Рио-2016 олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Дамбадаржаагийн Гантулга 2017 оны универсиадад оролцох 51 тамирчнаа төлөөлөн үг хэлсэнээр Монгол улсын төрийн дуулал болон Олон улсын оюутны спортын холбооны сүлд дуу эгшиглэсэн юм.
Манай улсын оюутан залуус 1965 оны зуны универсиад наадмаас эхлэн 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бага олимп хэмээх энэхүү дэлхийн универсиад наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 52 жилийн хугацаанд монголчууд зуны универсиад наадамд 20 удаа, өвлийн универсиад наадамд 12 удаа оролцож, спортын 7 төрлөөр нийт 50 медаль хүртэж байсан амжилттай. Энэ удаагийн универсиадад оролцох тамирчдад БСШУСЯ, ЗГХА-БТСГ туслалцаа үзүүлж, 59 сая төгрөгйн зардлыг гарган өгсөн байна. Түүнчлэн 2017 оны Универсиад наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 15 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд 10 сая төгрөгийн шагналыг Монгол улсын Засгийн Газраас олгох юм. Монголын баг тамирчдын универсиад наадамд оролцох ерөнхий зохион байгуулалтын олон төрлийн бэлтгэл ажлууд одоогоор 100% хангагдаад байна. Өнөөдөр мөн баг тамирчдад Тайваньруу зорчих тасалбар болон тэмцээний урилга, шигшээ багийн хувцсыг гардуулан өгсөн юм.
Зуны 29-р Универсиад наадамд оролцох тамирчдыг үдэн гаргалаа | ||
Үзсэн: 1930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.