Өнөөдөр Украйн улсын парламентийн танхимын гишүүд 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах эсэх тухай асуудлаар санал хураалтад оролцлоо.
Энэ нь чөлөөт худалдааны чиглэлийн анхны гэрээг Европын холбоотой байгуулахад нь шууд нөлөөлж байгаа учир зарим ажиглагчид түүхэн санал хураалт гэж үзжээ.
2004 онд болсон Улбар шар хувьсгалыг тэргүүлэгч, Украйн улсын одоогийн ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн гол өрсөлдөгчийн нэг Тимошенког эрх мэдлээ хэтрүүлэн ОХУ тай байгалийн хийн салбарын гэрээнд гарын үсэг зурж, улс орны эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 7 жил хорих шийдвэр гаргасныг нь барууны улс орнууд улс төрийн хилс хэрэг хэмээн үздэг.
Европын холбоо энэ ч үүднээс хэрвээ Тимошенког суллахгүй бол ирэх долоо хоногт тус улсын засгийн газартай чөлөөт худалдаа болоод улс төрийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн тул парламентийн танхим Юлия Тимошенког суллах эсэх тухай асуудлаар санал хураалт явуулж байгаа нь энэ юм.
10-р сард олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар нийт иргэдийн 41 хувь нь Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг дэмжсэн бол 33 хувь нь орос улстай харилцаагаа сайжруулах, илүү ойр дотно харилцаатай болох хүсэл сонирхолтой байгаа нь ажиглагдсан юм.
Европын холбоотой байгуулах гэрээ нь Украйн улсын бараа бүтээгдэхүүн Европын зах зээлд гарах, бүтээгдэхүүнээ Европын стандартад хүргэх, чанарыг нь дээшлүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийгдэх, басхүү олон улсын валютын сангаас зээл тусламж авах боломж нь нээгдэх зэрэг ашигтай тал бий болох учиртай тул Европын холбооны гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл болох улс төрийн хоригдол Юлия Тимошенког суллах шийдвэр гарна гэж ажиглагчид таамаглаж байна.
Украйны парламентийн санал хураалт боллоо | ||
Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.