Шууд Chart

ОУХМ Г.Занданбал улсын дээд амжилтыг шинэчиллээ

2017-08-20 23:55:21

2017 оны дэлхийн оюутан залуучуудын Зуны Универсиад наадмын нээлтийн ажиллагаа  өчигдөр болж, өнөөдөр ихэнхи төрлийн тэмцээн уралдаанууд эхэллээ. Энэ өдөр монголын баг тамирчид усанд сэлэлт, жүдо бөх, туялзуур сэлмийн төрлүүдэд өрсөлдсөн юм. Усан сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа ОУХМ Гүнсэнноровын Занданбал өнөөдөр 100 метрийн зайн мэлхийн сэлэлтийн төрөлд 01 минут 08.39 секундэд замаа дуусгасан амжилтаар, өөрийн гараандаа түрүүлэхийн зэрэгцээ Монгол улсын дээд амжилтыг шинэчилжээ. Өмнө нь тэрээр 2013 онд Испанийн Барселона хотноо болсон усанд сэлэлтийн ДАШТ-ий үеэр мэлхий сэлэлтийн 100 метрийн зайд 01 минут 11.23 секундэд хурдалсан амжилтаар улсын дээд амжилтыг эзэмшиж байсан юм.

Одоогоор Г.Занданбал өөрийн улсдаа нийтдээ 10 зайн дээд амжилтыг эзэмшиж байгаа шилдэг залуу тамирчин юм. Тэрээр сүүлийн УАШТ-д л гэхэд 4 зайд улсын дээд амжилтыг ахиулан шинэчилжээ. Мөн ДАШТ-д 4 удаа, дэлхийн цомын тэмцээн, Ази тивийн АШТ, Азийн хүүхдийн спортын наадам зэрэг томоохон тэмцээнүүдэд тус тус нэг удаа эх орноо төлөөлөн оролцож байжээ. Энэ удаагийн Универсиад наадам харин түүний хувьд анхны Универсиад наадам нь болж байгаа юм.

ОУХМ Г.Занданбалын хувьд "Бага олимп" гэгддэг дэлхийн оюутан залуучуудын зуны Универсиад наадамд нйит 4 зай, төрөлд уралдана. Тэрээр 2 дахь гараандаа энэ сарын 22–нд 200 метрийн зайн мэлхийн сэлэлтийн уралдаанд оролцоно. Улмаар энэ сарын 23-ны өдөр 100 метрийн зайн өврөөр даллах сэлэлт, 24-нд 50 метрийн мэлхий сэслэлтийн төрлүүдэд эх орноо төлөөлөн уралдах юм. Усан сэлэлтийн төрөлд уралдах 2 дахь тамирчин Жаргалсайханы Тамир энэ сарын 24-ны өдөр 50 метрийн зайн мэлхий сэлэлт, 25-нд өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд тус тус уралдана.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОУХМ Г.Занданбал улсын дээд амжилтыг шинэчиллээ  
Үзсэн: 1905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй