Шууд Chart

Универсиад наадмын 5 дахь өдрийн тойм

2017-08-25 13:31:01

Гольф

Универсиад наадмын гольфийн спортын төрөлд монгол улсыг төлөөлөн Ц.Наранцэцэг дасгалжуулагчтай тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар 2 дах удаагаа оролцож байна. Өнөөдөр манай тамирчид эхний 18 замаа тоглож, А.Энэрэл +22 оноо, Н.Намуунаа +33 оноотойгоор эхний тойргийн тоглолтоо дуусгалаа.

Жүдо

Жүдо бөхийн эмэгтэй тамирчид энэ өдөр багийн барилдаан хүч сорин эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд Италийн багтай таарч 4:1 онооны харьцаагаар хожигджээ. Монголын эрэгтэйчүүдийн багийн хувьд ч мөн Италийн багт 4:1-ийн харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Эрэгтэйчүүдээс Универсиад наадмын 66 кг-н жинд мөнгөн медаль хүртсэн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 1 ялалт авсан байна.  Эрэгтэй багийн барилдаанд Б.Сугаржаргал, Б.Гаажадамба, Э.Мөнхжаргал, Б.Эрхэмбаяр, С.Баяртүвшин, Б.Мягмардорж нар барилдсан бол эмэгтэйчүүдийн багийн барилдаанд Э.Гандиймаа, Б.Баасанжаргал, М.Даваасүрэн, Г.Ганцэцэг, Ц.Хулан, Г.Наранцэцэг нарын 5 бөх Тайванийн татами дээр ур чадвараа сорин барилдсан юм.

Ширээний теннис

Универсиад наадмын ширээний теннисний тэмцээн энэ сарын 22-нд эхэлж, эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан болон хосын болон холимог хос, багийн төрлүүдэд үргэлжилж байна. Монгол улс эрэгтэй эмэгтэй 2 багийн нийт 10 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай тамирчид одоогоор багийн төрлийн тэмцээндээ оролцож, хасагдаад байна. Монголын ширээний теннисчид өнөөдөр холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд өрсөлдлөө. Холимог хосын төрөлд Б.Өнөболд, Э.Отгонжаргал нар БНАСАУ-ын хостой тоглож 3:0-р, Г.Чулуудай, И.Индра нар Их Британий тамирчид болох Далглейш Колин Стуарт, Кинг Ёланда Аспен нарт 3:0-р хожигдлоо.

Эрэгтэйчүүдийн хосын төрлийн тэмцээнд А.Билгүүдэй, П.Билэгжаргал нар Канадын хост 3:0-н харьцаатай хожигдсон бол дараагийн хос Б.Өнөболд, Т.Барсболд нар энэ Бутан улсын тамирчдыг 3:0-н харьцаагаар 3 үеийн тоглолтод хожиж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо. хосын төрлийн тоглолтууд 08 сарын 27-нд үргэлжлэн явагдана.

Эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдсөн Э.Жумдаан, Г.Болор нар Чехийн хосод 3:0 оноогоор ялагдсан байна. Тэгвэл Ливан Улсын хостой таарсан Б.Урантогос, Г.Индра нар өрсөлдөгчөө 3:0-р хожин дараагийн шатны тоглолтонд оролцох эрхтэй боллоо. Универсиад наадмын ширээний теннисний тэмцээний ганцаарчилсан төрлийн тоглолтууд 25-ны өдөр эхэлж, манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин өрсөлдөх юм.

.

Туялзуур сэлэм 

Зуны 29-р Универсиад наадмын туялзуур сэлэмний төрөлд хүнд сэлэмний багийн төрөлд манай улсын эрэгтэй тамирчид оролцлоо. Тэд эхний шатандаа Нидерландын багтай таарч тулалдан 21:45 онооны харьцаатайгаар хожигдсоноор энэ удаагийн универсиад наадмын тэмцээнээ дуусгалаа. Энэ төрөлд Б.Амарболд, Э.Дөлгөөн, Э.Бат-эрдэнэ, Ц.Жигжидсүрэн нар өрсөлдсөн юм. 

Усанд сэлэлт

Усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа монгол улсын 2 тамирчин мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд хурд хүчээ сорьлоо. Энэ зайн 3 дахь гараанд манай улсын шилдэг залуу тамирчин Г.Занданбал уралдаж, 31.27 секундын амжилтыг үзүүлж монгол улсын дээд амжилтыг дахин шинэчиллээ. ОУХМ Г.Занданбал ийнхүү 2017 оны Универсиад наадамд 4 зайд уралдаж, 3 зайд улсын дээд амжилтыг шинэчилсэн амжилттай тэмцээнээ дуусгаж байна. Харин спортын дэд мастер, 19 настай залуу тамирчин Ж.Тамир нь энэ өдөр тэмцээний эхний гараанд уралдаж, хувийн амжилтаа ахиулж чадлаа. Ж.Тамирын хувьд өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд мөн уралдах юм.

Таеквондо

Универсиад наадмын таеквондогийн керүги буюу тулааны төрөлд монгол улсаас 5 тамирчин оролцож байна. Таэквондогийн тэмцээний 3 дахь өдөр 74 кг-ийн жинд ОУХМ А.Нацагдорж өрсөлдөж эхний тулаанд Узбекстаний тамирчин Шопаязиев Шакбозийг 30:20-н харьцаатай онооны илт  давуугаар ялсан. Улмаар дараагийн тулаандаа Хорват улсын тамирчин Канает Тонид 29:8-н харьцаатай ялагдаж тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Манай улсын сүүлийн буюу  дахь тулааныг маргааш эрэгтэйчүүдийн 63 кг-н жинд Э.Буяншагай тулалдах юм. Мөн 27-ны өдөр  эрэгтэйчүүдийн багийн тэмцээний кёруги буюу тулааны төрөлд М.Түмэнбаяр, Э.Буяншагай, П.Тэмүүжин, А.Нацагдорж нар тулалдана. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Универсиад наадмын 5 дахь өдрийн тойм  
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй