Гольф:
Универсиад наадмын гольфийн тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын багийн төрөлд монгол улсын тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар оролцож байна. Н.Намуунаагийн хувьд өмнө нь 2015 оны Гуанжугийн Универсиад наадамд оролцож байсан туршлагатай. Өнөөдөр манай улсын тамирчид 2 дахь тойргийн 18 замын тоглолтоо хийлээ. Энэ тэмцээн 4 өдрийн турш үргэлжилж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа 57 тамирчин нйитдээ 72 нүхэнд цохьсоны дараа нийлбэр дүнгээр медалийн эзэд тодрох юм. Тэмцээний 2 дахь тойрогтоо А.Энэрэл 96 оноо (+24), Н.Намуунаа 96 (+24) оноогоор энэ өдрийн тэмцээнээ дуусгасан. АНУ-д суралцдаг залуу тамирчин Н.Намуунаагийн амжилт урд өдрийн тэмцээнээс ахисан үзүүлэлттэй байна.
Бильярд:
Универсиад наадамд пүүл бильярдын тэмцээн "Nine ball" буюу 9 бөмбөгтэй тоглолтын дүрмээр зохиогдож байна. Монгол улсаас энэ тэмцээний хосын болон ганцаарчилсан төрөлд Б.Нарантуяа, Б.Уянга, О.Баасандорж, С.Мянганбаяр нар өрсөлдөж байна. Манай улсын тамирчдын эхний тоглолтыг О.Баасандорж хийж, Филлиппиний Жэймс Лимийг 11-9-н харьцаатай хожиж, тэмцээнээ амижлттай эхлүүллээ. С.Мянганбаярын хувьд шөвгийн 8-д шалгарах эрхийн төлөө Филиппиний тамирчинтай ширүүн өрсөлдөөн үзүүлж, 11-10-н харьцаатай ялагдсан юм. Тэдний хувьд энэ сарын 28-нд эрэгтэйчүүдийн хосын тэмцээнд өрсөлдөнө. Пүүл бильярдын 9 бөмбөгийн дүрмийн тоглолт эрэгтэйчүүд түрүүлж 11 хожсон нь, эмэгтэйчүүд түрүүлж 9 хожсон нь цааш шалгарах журмаар явагдаж байгаа юм.
Ширээний теннис:
Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р универсиад их наадмын ширээний теннисний тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд П.Билэгжаргал Оманы тамирчин Хайтам Хумайдыг 3:1 оноогоор хожсон. Дараа нь Казакстан улсын тамирчин Золудев Денист 3:0 харьцаагаар хожигдож тоглолтоо дуусгасан байна. Мөн Б.Өнөболд Шведийн тамирчин Желлсон Андерсед 3:0 ялагдсан юм. Дараагийн учраа ОХУ-ын тамирчин Чаплигин Максимтай таарч тоглон 3:0 хожигдсон. Г.Чулуудай Филиппиний тамирчин Чиканотой тоглон хожигдож, ганцаарчилсан төрлийн тэмцээнээ тус тус дуусгажээ.
Эмэгтэй тамирчдын хувьд Э.Жумдаан Тринидад Тобаго улсын тамирчинд 3:1-н харьцаатай хожигдсон. Харин Б.Урантогос Эстонийн тамирчныг 3:1-р хожсон бол Э.Отгонжаргал Ботсвана улсын тамирчин Матлоуг хожсоноор дараагийн шатанд шалгарч тоглох эрхтэй боллоо.
Таеквондо:
Таеквондогийн керүги буюу тулааны тэмцээний 4 дэхь өдөр 63 кг-ийн жинд Э.Буяншагай өрсөлдөж эхний тулаанд Ливан улсын тамирчин Салех Рамиг 26:12 харьцаагаар давуу байдлаар ялсан. Гэсэн ч дараагийн тойрогт Брекик Ловретид 31:9-өөр ялагдаж тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Одоо манай улсын таеквондочдод багийн тэмцээн үлдэж байна.
Универсиад наадмын 6 дахь өдрийн тойм | ||
Үзсэн: 1758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.