Шууд Chart

Б.Уянга, Б.Нарантуяа нар Универсиад наадмын медалийн төлөө өрсөлдөнө

2017-08-26 18:01:18

2017 оны дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадамд пүүл бильярдын тэмцээн "Nine ball" буюу 9 бөмбөгтэй тоглолтын дүрмээр зохиогдож байна. Энэ наадамд бильярдын спортын төрөл анх удаа үзүүлэх тоглолтын төрлөөр багтаад байгаа юм. Пүүл бильярдын 9 бөмбөгийн дүрмийн тоглолт эрэгтэйчүүд түрүүлж 11 хожсон нь, эмэгтэйчүүд түрүүлж 9 хожсон нь цааш шалгарах журмаар явагдаж байна. Монгол улсаас энэ тэмцээний хосын болон ганцаарчилсан төрөлд Б.Нарантуяа, Б.Уянга, О.Баасандорж, С.Мянганбаяр нар өрсөлдөж байна. Манай улсын тамирчдын эхний тоглолтыг О.Баасандорж хийж, Филлиппиний Жэймс Лимийг 11:9-н харьцаатай хожиж, тэмцээнээ амижлттай эхлүүлсэн ч өнөөдөр шөвгийн 4-т шалгарах эрхийн төлөөх тоглолтдоо Японы Сүзүки Кенод 11:6-н харьцаатай хожигдлоо. С.Мянганбаярын хувьд шөвгийн 8-д шалгарах эрхийн төлөө Филиппиний тамирчинтай ширүүн өрсөлдөөн үзүүлж, 11:10-н харьцаатай ялагдсан юм. Тэдний хувьд энэ сарын 28-нд эрэгтэйчүүдийн хосын тэмцээнд өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн өнөөдөр эхэлж, "Эфэс" клубын тамирчин Баярсайханы Нарантуяа хагас шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө БНСУ-ын Ён Хиэ Жантай тоглож, 9:3-н харьцаатай хожлоо. Энэ өдөр мөн манай улсын шилдэг залуу тамирчдын нэг, "Shine" клубын тамирчин Баттулгын Уянга Сингапур улсын тамирчин Рүй Еи Оныг 9:6-ын харьцаатай хожсоноор, тэмцээний шилдэг 4-т  манай улсын 2 тамирчин хамтдаа шалгарч чадлаа. Маргааш хагас шигшээ шатанд манай тамирчид Универсиад наадмыг зохион байгуулагч орон Тайванийн эмэгтэй тамирчидтай өрсөлдөхөөр боллоо.

Одоогоор монголын баг Универсиад наадамд спортын  төрөлд өрсөлдөж, жүдо бөхийн 66 кг-н жинд Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Харин 2 дахь медаль бильярдын төрлөөс маргааш ирэх нь ийнхүү тодорхой боллоо. Манай тамирчид хожвол хоорондоо алтан медалийн төлөө харин хожигдвол хоорондоо хүрэл медалийн төлөө тоглоно. Эсвэл нэг нь хожиж, нөгөө нь хожигдвол алт, хүрэл медалийн төлөө тоглох боломжтой юм. Маргааш хагас шигшээ тоглолтын дараа медалийн төлөөх тоглолтууд болж, Универсиад наадмын аварга тодрох юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Б.Уянга, Б.Нарантуяа нар Универсиад наадмын медалийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 3030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.22.xxx] 2017-08-27 00:37
woooow mundag bna shvv manai ohid, amjilt hvsie

Бидэнтэй нэгдээрэй