Шууд Chart

Б.Нарантуяа Универсиад наадмаас мөнгөн медалийн болзол хангалаа

2017-08-27 13:14:36

Дэлхийн оюутан залуучуудын зуны 29-р универсиад их наадмын пүүл бильярдын төрөл "Nine ball" буюу 9 бөмбөгтэй тоглох дүрмээр явагдаж байна. Тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж, эмэгтэйчүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээ шатны тоглолтууд боллоо. Энэ шатанд манай улсаас 2 тамирчин шалгаран өрсөлдсөн юм. Монгол улсын шилдэг залуу тамирчдын нэг, "Эфэс" клубын тамирчин Б.Нарантуяа энэ удаад тэмцээний шилдэг дөрвийн өрсөлдөөнд универсиад наадмыг зохион байгуулагч орон Тайванийн тамирчин Вү Жи-Тинтэй тоглолоо. Энэ тоглолт 1 цаг 45 минутын хугацаанд үргэлжилсэний эцэст манай улсын тамирчин Б.Нарантуяа 9:6-ын харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Түүний хувьд ингэснээр Универсиад наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө тоглохоор болж байна. Б.Нарантуяа шигшээ тоглолтод дахин эзэн орны тамирчитай тоглоно. Энэ удаад түүний өрсөлдөгч нь Кү Чен-Чин байх болно.

Тэмцээний шилдэг 4 тамирчны нэгээр шалгараад байсан манай улсын өөр нэгэн шилдэг тамирчин, "Shine" клубын тамирчин Баттулгын Уянга универсиад наадмын хүрэл медалийн төлөөх тоглолтоо өнөөдөр хагас шигшээ шатанд Б.Нарантуяад хожигдсон Вү Жи-Тинтэй хийх болно. Эдгээр медалийн төлөөх тоглолтууд 16:00 цагаас эхэлж, улмаар "Тайпей-2017" универсиад наадмын алт, мөнгө, хүрэл меадлийн эзэд тодрох юм.

Монгол улс одоогийн байдлаар 2017 оны зуны спортын Универсиад наадмаас 1 мөнгөн медаль хүртээд байгаа юм. Энэ медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-н жинд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүртсэн билээ. Харин өнөөдөр манай улсын тамирчид медалийн тоогоо хэдээр нэмж чадах нь хэдхэн цагийн дараа тодорхой болно. Монгол улсын баг тамирчдын дасгалжуулагч багшаар Монголын покет бильярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Баттулга ажиллаж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Б.Нарантуяа Универсиад наадмаас мөнгөн медалийн болзол хангалаа  
Үзсэн: 2851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.э [103.206.195.xxx] 2017-08-28 17:43
бичлэгийг нь хаанаас олж үзэх вэ?
Зочин [103.229.120.xxx] 2017-08-28 00:34
Yasan saihan medee vee.ohiduuddaa amjilt husye
oyun [103.26.195.xxx] 2017-08-27 17:41
estoi mundag

Бидэнтэй нэгдээрэй