![](/uploads/201709/news/thumb/866e25582a2714fd0cd76971e3ec590f_x3.jpg)
Ази тивийн орнуудаас ДАШТ-д оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан баг Ираны шигшээ баг энэ өдөр Сирийн шигшээ багтай Тегеран хотын "Азади" цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо. Эхний гоолыг тоглолт эхлээд 13 минутын дараа зочин баг Сирийн шигшээ багийн шалдэг хагас хамгаалагч Тамер Хадж Мохамад оруулсан байна. Азийн бүсийг "А" хэсгийн эхний 9 тоглолтын дараах байдлаар 21 оноотой тэргүүлж байсан Ираний шигшээ багаас энэ өдөр Сердар Азмун шилдэг тоглолтоо үзүүллээ. Оросын “Пермьер лиг”-ийн “Рубин Казань” клубын 22 настай хагас хамгаалагч Сердар Азмун тоглолтын 45 дахь минутад тооны харьцааг тэнцүүлж, энэ өдрийн эхний гоолоо оруулсан бол Мехди Таремигийн дамжуулалтаар 64 дэх минутад дахин нэг гоолыг оруулж, баг нь энэ тоглолтод 2:1-ийн харьцаатай хошуучлаад эхэлсэн. Тэрээр одоогоор 11 гоол оруулсан амжилтаар Азийн бүсийн сонгон шалгаруулалтын мэргэн буучдын жагсаалтын 3-р байрт эрэмбэлэгдэж байна.
Энэ тоглолтын өмнө Узбекстаны шигшээ баг БНСУ-ын багтай тэнцэж, "А" хэсгийн 3-р байрт 13 оноотой бичигдэж байсан бол Сирийн баг 12 оноотой 4-р байрт бичигдэж байсан. Тийм учраас Сирийн шигшээ багийн хувьд энэ тоглолтод зайлшгүй оноо авч байж, хэсгийнхээ 3-р байрт дэвшиж, дэлхийн аваргын эрхийн төлөө цааш өрсөлдөх боломжоо хадгалан үлдэх байсан юм. Улмаар тэнцээний гоол 90 дэх минутад орж, энэ гоолыг Мардик Мардикяны дамжуулалтаар Омар Аль-Сома Ираны багийн хаалганд оруулжээ. Ийнхүү тоглолт үндсэн цагт 2:2-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөр Ираны шигшээ баг 22 оноотой энэ хэсгийг тэргүүлж, БНСУ-ын баг 15 оноотой "А" хэсгийн 2-р байрт жагссанаар ирэх оны дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм.
Харин Сирийн шигшээ баг энэ өдөр хэсгээ тэргүүлэгч хүчтэй багтай тэнцэж, 1 оноо авсанаар Узбекстаны багтай адил 13 оноотой болж, улмаар гоолын зөрүүгээрээ хэсгийнхээ 3-р байрт дэвшсэн юм. Сирийн шигшээ багийн хувьд ингэснээр дэлхийн аваргын тэмцээний сонгон шалгаруулалтын 4-р тойрогт өрсөлдөх эрхтэй боллоо. Дэлхийн аваргыг зорих эрхээ бататгасан Иран, БНСУ, Япон, Саудын Араб гэсэн 4 улсын араас Ази тивээс ДАШТ-д оролцох 5 дахь эрхийн төлөө Сири болон Австралийн шигшээ багууд ийнхүү өрсөлдөхөөр болж байна. Багуудын 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулж, улмаар Хойд Америкийн бүсд 4-р байрт шалгарсан багтай нэмэлт тоглолт хийж, ДАШТ-д оролцох эсэхээ шийдэх болно.
Сирийн шигшээ баг дэлхийн аваргад оролцох боломжтой | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.