![](/uploads/201709/news/thumb/ce41f3402d46aae321e3bfff1aa732a4_x3.jpg)
Финлянд, Израйль, Румын, Турк улсуудад зохион байгуулагдаж байгаа 2017 оны ЕАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтоо Испанийн баг Унгарын багтай хийж, 84:67-ын харьцаатай хожсон. Энэ тоглолтод Испанийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Пау Гасол 20 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн. 37 настай Пау Гасол ингэснээр ЕАШТ-д 1111 оноо авсан түүхэн амжилтын эзэн болж, 2 жил тутамд нэг удаа зохиогддог буурал тивийн АШТ-ий бүх цаг үеийн онооны лидер боллоо. Францын шигшээ багийн алдарт тамирчин Тони Паркер өмнө нь энэ амжилтыг 68 тоглолтод оролцохдоо 1104 оноо авсан үзүүлэлтээр эзэмшиж байсан юм. Тэрээр энэ амжилтаа 2015 оны Европын аваргын тэмцээний үеэр тогтоож байсан ч энэ жилийн Европын аваргад оролцоогүй.
82 жилийн түүхтэй энэ томоохон тэмцээнд Пау Гасол анх 2001 онд Испанийн шигшээ багийнхаа хамтаар оролцож, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш тэрээр 9 удаа Европын аваргад оролцож, энэ амжилтын эзэн болжээ. Түүний хувьд энэ тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 2009, 2015 онд тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байлаа. Түүнчлэн 2006 онд Япон улсад болсон сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан билээ.
Хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалд дэлхийн шилдэг тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдох Пау Газоль АҮСБХ-ны лигийн аваргын цомыг "Лос-Анжелес Лэйкерс" багийн хамтаар 2 удаа хүртэж, 6 удаа дэлхийн тэргүүн лигийн бүх оддын тоглолтод сонгондон оролцож байсан амжилттай. Одоогоор тэрээр лигийн 5 удаагийн аварга "Сан-Антонио Спөрс" багт тоглож байгаа юм.
Пау Гасол дээд амжилтын эзэн боллоо | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.