Шууд Chart

"Хоффенхэйм" "Байерн"-ыг хожлоо

2017-09-11 16:54:57

Европын топ лигүүдийн нэг Германы “Бундес лиг”-ийн тэмцээний 55 дахь улирал 8-р сарын 18-нд эхэлсэн. Энэ 7 хоногт тэмцээний 3-р тойргийн хүрээнд уламжлал ёсоор лигийн 18 багийн хооронд 9 тоглолт боллоо. Эдгээрээс зарим онцлох тоглолтуудын тойм мэдээллийг та бүхэнд хүргэе.

Лигийн 27 удаагийн аварга “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт өнгөрсөн улирал 4-р байрт шалгарсан “Хоффенхэйм” клубын талбайд зочиллоо. “Бундес лиг”-ийн аваргын цомыг хамгаалан тоглож байгаа “Байерн Мюнхен” клубын бүрэлдэхүүнд энэ өдөр багийн шилдэг хаалгач Мануэл Нойер бэртлээсээ эргэн ирж, шинэ улирлын эхний тоглолтдоо байна.

Тоглолтын эхний үед зочдоос багийн лидер Андрей Крамаричийн дамжуулалтаар Марк Ут тун овжин байдлаар гоолын салхийг хагалсан байна. Тоглолтын 2-р үе эхлээд Стивен Цуберийн дамжуулалтаар 26 настай Герман залуу Марк Ут дахин нэг гоол оруулж, баг нь энэ тоглолтод 2:0-ийн харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө хожсон байна. Энэ тоглолтын баатар Марк Утын хувьд улирлын эхний 3 тоглолтод оролцож, 3 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байна. Юлиан Нагельсманнаар удирдуулсан “Хоффенхэйм” клубын хувьд 3 тоглолтод 2 хожиж, 1 тэнцсэн үзүүлэлтээр хүснэгтийн 2-р байрт бичигдэж байна. “Боруссиа Дортмунд” клуб тэдэнтэй адил 7 оноотой ч хаалгандаа гоол алдаагүй байгаа учраас лигийн хүснэгтийн тэргүүн эгнээнд эрэбэлэгдэж байгаа юм.

Тэгвэл улирлын эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан “Байернчууд” энэ тоглолтод хожигдсоноор хүснэгтийн 6-р байрт ухарч байна. Итали мэргэжилтэн Карло Анчелотти дасгалжуулагчтай “Байерн Мюнхен” өнгөрсөн улирал ердөө 2 хожигдож, лигийн аваргын цомын хүртсэн ч “Хоффенхэйм” клуб тэдэнтэй 2 тоглолт хийхдээ 1 хожиж, 1 тэнцсэнээр өнгөрсөн улиралд “Байерн”-д хожигдоогүй цорын ганц баг болж байсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Хоффенхэйм" "Байерн"-ыг хожлоо  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй