![](/uploads/201709/news/thumb/d4b14c670190fba8710c80b1456025e2_x3.jpg)
Германы "Бундес лиг"-ийн 27 удаагийн аварга “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт “Хоффенхэйм” клубын талбайд зочилсон. “Бундес лиг”-ийн аваргын цомыг хамгаалан тоглож байгаа “Байерн Мюнхен” клубын бүрэлдэхүүнд энэ өдөр өнгөрсөн зуны 7-р сард Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубээс 2 жилийн хугацаатай зээлээр тоглохоор ирсэн, Колумбын шигшээ багийн супер од Хамес Родригес талбайд гарч, “Бундес лиг”-ийн эхний тоглолтоо хийсэн. Түүнийг Германы 70 мянга гаруй хөгжөөн дэмжигчид "Welcome James" буюу "Тавтай морил Хамес!!!" хэмээн халуун дотноор хүлээн авч, олон олон самбар, баннер, уриаг мандуулж байлаа.
Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог 26 настай Хамес Родригес 2006 онд Колумбын "Енвигадо" клубээс мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж, улмаар Аргениний Буэйнос Айрос хотын "Бэнфиелд", Португалийн "Порто", Францын лигийн "Монако" гэсэн Европын шилдэг клубуудэд тоглож байгаад 2014 оны ДАШТ-ий мэргэн буучаар тодорч, "Алтан шаахай" шагналыг хүртсэнийхээ дараа 80 сая еврогийн үнээр Испанийн эзэн хааны "Реал Мадрид" клубт ирж, 6 жилийн гэрээг байгуулж байсан билээ. Ингэхдээ тэрээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтын 4-р байрт орж, "Реал Мадрид"-ын түүхэн дэх 3 дахь хамгийн үнэтэй тамирчин болсон юм.
Хамес Родригес сүүлийн 3 улирал "Лос Бланкосчууд"-ын бүрэлдэхүүнд тоглохдоо албан ёсны 110 тоглолтод оролцож, 36 гоол оруулсан юм. Ингэхдээ ЕХХ-ны "Аваргуудын лиг" болон "Супер цом"-ын тэмцээнүүдэд тус тус 2 удаа түрүүлж, ОУХБХ-ны клубуудын ДАШТ-д 2 удаа, Испанийн "Ла лиг"-т 1 удаа түрүүлсэн.
Өмнө нь Португалийн нийслэл Лиссабон хотын "Порту" клубт 2010-2013 оны хугацаанд 3 улирал тоглохдоо 107 тоглолтод оролцож, 32 гоол, Монакод 2013/14 оны улирал тоглохдоо 38 тоглолтод талбайд гарч 10 гоол оруулж байсан амжилтай.
Итали мэргэжилтэн Карло Анчелотти дасгалжуулагчтай “Байерн Мюнхен” өнгөрсөн улирал ердөө 2 хожигдож, лигийн аваргын цомын хүртсэн ч “Хоффенхэйм” клуб тэдэнтэй 2 тоглолт хийхдээ 1 хожиж, 1 тэнцсэнээр өнгөрсөн улиралд “Байерн”-д хожигдоогүй цорын ганц баг болж байсан юм.
Хамес Родригес эхний тоглолтоо хийлээ | ||
Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.