![](/uploads/201709/news/thumb/708596f1a7db85de7e1774c861bd0c22_x3.jpg)
Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээний шинэ улирал өнгөрсөн 8-р сарын 17-ны өдөр эхэлсэн. Лигийн эхний 2 тойргийн тоглолтын дараа өнгөрсөн 7 хоногт шигшээ багуудын цугларалт болж, ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд болсон учраас 3-р тойргийн тоглолтууд энэ 7 хоногт боллоо.
Лигийн 24 удаагийн аварга “Барселона” клуб энэ тойрогт алдарт “Ноу Камп” цэнгэлдэх хүрээлэндээ өөрийн хотын “Эспаньол” клубыг хүлээн аван тоглолоо. Энэ тоглолтыг 90 мянга гаруй хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхжээ. Улирлын эхний 2 тоглолтдоо дараалан хожоод байсан “Барселона” клубээс энэ тоглолтын эхэнд Иван Ракитичийн дамжуулалтаар Лионель Месси тооны харьцааг нээсэн. Улирлын эхний 2 тоглолтод оролцож, 2 гоол оруулаад байсан Месси энэ гоол орсоноос 9 минутын дараа Хорди Альбагийн дамжуулалтаар дахин нэг гоол оруулж, баг нь 2 гоолын зөрүүтэй өрсөлдөгчөө тэргүүлж, эхний үеийг дуусгасан байна.
2-р үе эхлээд дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Месси дахин Хорди Альбагийн дамжуулалтаар дахин нэг гоол оруулж, “Барса”-гийн төлөөх 38 дахь “хет-трик”-ээ энэ өдөр толилууллаа. Аргентины шигшээ багийн ахлагч, өдгөө 30 настай Лионель Андрес Месси одоогоор 3 тоглолтод талбайд гарч 5 гоол оруулсан амжилтаар Испанийн лигийн мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж байна. Түүний хувьд өнгөрсөн улирал лигтээ 34 тоглолтод оролцохдоо 37 гоол оруулж, бүх тамирчдыг тэргүүлсэн билээ.
87 дахь минутад Хорват хагас хамгаалагч Иван Ракитич энэ өдрийн 2 дахь гоолын дамжуулалтаа өгч, Жерард Пике хаалганд мөргөн шинэ улирлын эхний гоолоо оруулсан байна. Улмаар тоглолтын төгсгөлд “Барса”-гийн сөрөг довтолгоон амжилттай болж, Оусман Дембеле дебют тоглолтдоо гоолын дамжуулалт өгөн 30 настай Уругвай довтлогч Луйс Суарес энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсанаар баг нь 5:0-ийн харьцаатай улирлын 3 дахь хожлоо авлаа. Каталончууд ийнхүү шинэ дасгалжуулагч Эрнесто Вальвердегийн удирдлага дор “Ла лиг”-ийн тэмцээний 87 дахь улирлыг амжилттай эхлүүлж, хүснэгтийн тэргүүн байрт бичигдсэн хэвээр үлдлээ.
“Барселона” клуб лигээ тэргүүлж байна | ||
Үзсэн: 1405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.