Шууд Chart

"Реал Мадрид" 7-р байрт ухарлаа

2017-09-11 18:08:22

Испанийн лигийн аваргын цомыг хамгийн олон удаа буюу 33 удаа хүртэж байсан, агуу түүхт, алдарт “Реал Мадрид” клуб энэ тойрогт 80 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэндээ “Леванте” клубыг хүлээн аван тоглолоо. Тоглолт эхлээд 12 минутын дараа зочдоос 23 настай Испани залуу Иви Лопес энэ улирлын 2 дахь гоолоо оруулж, гоолын харьцааг 1:0 болгон өөрчилжээ.

Аваргуудын лигийн тэмцээний 12 удаагийн аварга “Реал Мадрид”-аас булангийн цохилтоос ирсэн дамжуулалтыг багийн ахлагч Серхио Рамос хаалганд хүчтэй мөргөсөн ч хаалгач хаасан бөмбөгийг Испани жигүүр Лукас Васкес амжилттай нэмж, тооны харьцааг тэнцүүлсэн байна.

Энэ тоглолтын төгсгөлд “Реал Мадрид”-ийн жигүүрийн хамгаалагч Марсело хаалганд цохилт гүйцэтгэснийхээ дараа эсрэг багийн тамирчнаа өшиглөж, шүүгч улаан хуудас өргөснөөр талбайгаас хөөгджээ. Энэ асуудлыг Испанийн хөлбөмбөгийн холбоо дахин хэлэлцэж, Бразил залуу Маселог 4 тоглолтод оролцох эрхээр торгож магадгүй болсон байна. Улмаар энэ тоглолтын үлдсэн цагт гоол оролгүй байсаар багууд 1:1-ийн харьцаатай тэнцжээ. Энэ жил Испанийн лигийн аваргын цомыг хамгаалан тоглож байгаа Мадридын баг одоогоор 1 хожиж, 2 тэнцсэн үзүүлэлттэй хүснэгтийн 7-р байрт бичигдэж байгаа бол Леванте адил 5 оноотой 8-р байрт тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Реал Мадрид" 7-р байрт ухарлаа  
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй