Шууд Chart

Д.Нанжид: Би тоглогчдоо биеэ барих, тоглолтоо гаргаж чадахгүй байх вий хэмээн болгоомжилж байна

2017-09-19 09:26:44

2018 онд Малайз Улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд энэ сарын 20-24-нд Улаанбаатарт болж, Австрали, Вьетнам, Монгол, Камбожийн шигшээ баг өрсөлдөхөд бэлэн боллоо. Монгол Улсын шигшээ багийн хочийг “Хөх чононууд” гэдэг тул хүүхдийн багийг нь “Хөх бэлтрэгнүүд” гэж нэрлэж болох юм. Тэмцээний өмнө шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжидтай ярилцлаа.

-Монголд болох гэж буй энэхүү тэмцээний тухай мэдээлэл өгөөч?

-Азийн хөлбөмбөгийн холбооноос 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд эрхийн төлөөх тэмцээн нь өмнөх жил нь 15 хүртэлх насныхны дунд болдог. Өөрөөр хэлбэл одоо тоглох багийн тоглогчид бүгд 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн, 15 хүртэлх насныхан. Эрх авсан багийнхан ирэх жил 16 настайдаа шигшээ тэмцээнд өрсөлдөнө. Энэ бол маш нэр хүндтэй, өндөр ач холбогдолтой тэмцээн.

-Одоо болох тэмцээнээс хэдэн баг эрх авах вэ?

-2018 онд Малайзад болох Азийн АШТ-ий эрхийн төлөө 45 улсын шигшээ баг 10 хэсэгт хувагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийг тэргүүлсэн 10 баг, хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 баг эрх авах юм. Үүн дээр зохион байгуулагч орны баг нэмэгдсэнээр шигшээ тэмцээнд 16 баг өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл нэг хэсгийн багууд 1.5 эрхийн төлөө өрсөлдөж байна гэсэн үг.

-Монгол Улсын шигшээ багт эрх авах боломж байна уу. Өрсөлдөгч багууд хэр хүчтэй вэ?

-Хөлбөмбөгийн спортод Европ, Өмнөд Америк тивийнхэн ноёлдог байсан ч сүүлийн жилүүдэд Ази тивд маш хурдацтай хөгжиж байна. Бид тивийнхээ шилдэг багуудтай нэг хэсэгт багтсан болохоор “Эрх авна” гэж шууд хэлж чадахгүй.

-Тэгэхээр манай багийн зорилго юу болж таарч байна вэ?

-Юуны өмнө нутагтаа чанартай тоглолт үзүүлэх, анхны оноо авах, ялалт байгуулах. Мэдээж хамгийн том зорилго бол Азийн АШТ-ий эрх авч, шигшээ тэмцээнд оролцох.

-Өрсөлдөгч багууд тийм хүчтэй юм уу?

-Австралийн хөлбөмбөгийн холбоо 2006 онд Азийн хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээр манай тивд нэг хүчтэй өрсөлдөгч нэмэгдсэн. Тус улсын насанд хүрэгчдийн шигшээ баг ДАШТ-д тогтмол эрх авч өрсөлддөг, хамгийн сүүлд болсон Азийн АШТ-д түрүүлсэн, тоглогчид нь Европын том лигүүдэд алба хашдаг гэхээр хөлбөмбөгийн хөгжлөөр хаана явааг нь төвөггүй мэдэж болох биз ээ. Австрали манай тивийн хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэнээс хойш 16 хүртэлх насныхны Азийн АШТ-д таван удаа болоход бүгдэд нь эрх авч оролцож, хоёр удаа хагас шигшээд шалгарсан хүчирхэг баг. Энэ удаагийн тэмцээн болохоос найм хоногийн өмнө Улаанбаатарт өргөн бүрэлдэхүүнтэй ирж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэдний манай улсын цаг уур, хиймэл зүлгэн талбайд дассан нь бидний эзэн багийн хувиар эзэмших давуу талыг ихээхэн саарууллаа. Гэхдээ манай хэсгийн ганц хүчтэй өрсөлдөгч нь тэд биш.

-Өөр хаанах гэж ...

-Вьетнам. Манай хэсгийг толгойлсон, хамгийн өндөр чансаатай баг нь тэд. Энэ улсын хөлбөмбөг сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж, нас бүрийн ангиллын баг нь Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд хэсэг толгойлох болсон. Өнгөрсөн жил Энэтхэгт болсон 16 хүртэлх насныхны Азийн АШТ-д Вьетнамын шигшээ баг хэсэгтээ Австралийг хожсоноор хасагдах шатанд шалгарсан нь үүний тод жишээ. Вьетнамын 15 хүртэлх насны баг хоёр сарын өмнө Тайландад болсон Зүүн Өмнөд Азийн АШТ-д түрүүлчихээд Монголд ирж байна. Тухайн тэмцээнд 12 баг оролцож, зургаа зургаагаараа хоёр хэсэгт хуваагдан тоглоход хэсэгтээ Камбожийг 2:1-ээр, хагас шигшээд Австралийг 2:0-ээр, аваргын төлөө Тайландтай 0:0-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор ялсан. Вьетнамын футзалын шигшээ баг 2016 оны Азийн АШТ-д хүчирхэг Японыг хожиж, ДАШТ-ий эрх авч оролцсон зэрэг нь энэ улсын хөлбөмбөгийн хөгжил өндөр түвшинд хүрснийг харуулж байна.

-Тэгэхээр манайхтай хамгийн ойролцоо нь Камбож болж таарч байна уу?

-“Тийм” гэж хэлж болох ч  бас л хүчтэй өрсөлдөгч. Би хоёр жилийн өмнө Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “В” ангиллын сургалтад суухад зааварлагч багш нь Камбож улсын иргэн Прак Сованнара байсан. Тэр багш “Камбожийн хөлбөмбөг иргэний дайнаас хойш маш их хөгжиж байгаа” гэж ярьсан нь олон зүйл дээр батлагдаж байгаа. Энэ улсын лиг их хүчтэй юм билээ.

-Манай улсын шигшээ баг Азийн АШТ-ий эрхийг хэдэн удаа авч байсан бэ?

-С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын залуучуудын шигшээ баг энэ жил Азийн АШТ-ий шөвгийн наймд шалгарсан. Харин талбайн хөлбөмбөгийн аль ч насны шигшээ баг Азийн АШТ-ий эрх авч байгаагүй. Гэхдээ тэр цаг холгүй биз ээ.

-Монгол Улсын шигшээ баг 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Хоёр дахь удаагаа.

-Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан юм бэ?

-2016 оны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнийг нутагтаа зохион байгуулсан ч Японд 0:17, Хонгконгт 2:5-аар хожигдож байсан.

-Тэр үед та бас дасгалжуулагч байсан уу?

-Үгүй ээ. Би өнгөрсөн жил Азийн хөлбөмбөгийн холбооны Фестивальд оролцсон 14 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэр баг маань энэ зуны турш бэлтгэл хийж, одоо Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх гэж байна.

-Шигшээ багт тусалж дэмжсэн байгууллага, хувь хүн бий юу?

-Мэдээж А.Ганбаатар ерөнхийлөгчтэй Монголын хөлбөмбөгийн холбоо шигшээ багаа бүхий л зүйлээр дэмждэг. Басхүү шигшээ багийн тоглогчдыг бэлтгэж өгсөн клубын удирдлага, дасгалжуулагч нарт гүн талархал илэрхийлье.

-Ярилцлагын төгсгөлд энэ тэмцээнтэй холбогдуулан Монголын хөлбөмбөг сонирхогчдод хандаж хэлэх үг байна уу?

-Манай хүүхдүүд олон үзэгчийн өмнө бараг анх удаа тоглох гэж байна. Гэхдээ энэ нь зүгээр ч нэг тоглолт биш, хүчирхэг багуудтай хийх хүнд сорилт байх болно. Би тоглогчдоо биеэ барих, тоглолтоо гаргаж чадахгүй байх вий хэмээн болгоомжилж байна. Хөлбөмбөгийн хорхойт та бүхнийг Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, шигшээ багаа халуун дотноор дэмжиж, урам зориг хайрлахыг хүсч байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нанжид: Би тоглогчдоо биеэ барих, тоглолтоо гаргаж чадахгүй байх вий хэмээн болгоомжилж байна  
Үзсэн: 2099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.193.xxx] 2017-09-19 11:46
Наад хөлбөмбөг чинь Монголд яагаад ч хөгжихгүй юм ш дээ.Орлцоод хэрэг байна уу.

Бидэнтэй нэгдээрэй