Шууд Chart

"Хонгор жаахан Дүүриймаа" мэндэллээ

2013-11-28 10:30:16

Залуу дуучин Б.Цэрэндагва, Б.Болормаа нар нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, аялгуутай зохиомж, клипүүдээс бүрдсэн цомог гаргалаа. “Хонгор Жаахан Дүүриймаа” нэртэй анхны цомогт нь “Хонгор жаахан Дүүриймаа”, “Нэгэн голын хархүү”, “Хурдан хар”, “Сэтгэлийн үг” зэрэг дуу клип, теле зохиомжууд багтжээ. Залуу дуучидтай цөөн хором хөөрөлдлөө.

Дуучид маань аль нутгийн хүмүүс вэ, дуулах хүсэл эрмэлзэл авьяасыг хэрхэн өвлөж авсан тухайгаа ярьвал?
Б.Ц: Би бол Төв аймгийн уугуул хүн, 3 настай байхдаа УБ хотын Налайх дүүрэгт гэр бүлээрээ нүүж ирээд тэндээ суурьшин одоог хүртэл амьдарч байгаа. Дуулах авьяасын тухайд бол аав маань их сайхан дуулдаг хүн байдаг, мөн аавын маань ээж бас их сайхан дуулдаг хүн байсан гэж ярьдаг. Би бол бүр цэцэрлэгт байхаасаа л дуулах сонирхолтой хүүхэд байсан. Анх цэцэрлэг, сургуулийн багш нар маань л миний дуулах авьяасыг нээж өгсөн.
Б.Б: Миний хувьд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, дунд сургуульд байхдаа хотод нүүж ирж суурьшсан. Би ч мөн ялгаагүй багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөж явсаар байгаад СУИС-д орсон.
 
Тэгэхээр хоёр дуучин маань СУИС-д хэддүгээр курст сурдаг вэ?
 
Б.Ц: Бид хоёр энэ жил СТА Б.Батболд багшийн удирдлаган дор СУИС-ын уртын дуулаачийн ангийг төгсөх гэж байгаа. Багшийг  маань ард түмэн уртын дуу дуулдаг мөн бөх цоллодог Манлай засуул гэдгээр нь илүү сайн мэдэх байх
 
Уртын дуу гэдэг бол Монголын ард түмний соёлын салшгүй нэгэн өв яах аргагүй мөн. Уртын дуулаачийн мэргэжлээр төгсөж байгаа учраас хоёр дуучин маань цаашид энэ чиглэлээрээ уран бүтээл хийх үү,магадгүй өөрсдийн нутаг нутгийн уртын дууны өвөрмөц онцлогийг шингээсэн уран бүтээл гаргах болов уу?
 
Б.Б: Ер нь уртын дуу гэдэг бол маш агуу зүйл шүү дээ. Манай нутгийн хувьд бол уртын дууны баялаг түүх ихтэй, хүн болгоны сайн мэддэг “Хөөрхөн Халиун” гэдэг дууг манай нутгаас гаралтай гэж хөгшчүүл ярьдаг. Тэрнээс гадна нутгийн сайхан сайхан уртын дуунууд их байдаг, тэр бүгдийг би өөрөө судлаж сурахыг хичээж байгаа. Энэ мэргэжлээр төгсөж байгаа учраас бид хоёрын цаашдын уран бүтээлд уртын дуунууд ч мөн байна байх гэж бодож байна.
 
Өөрсдийн уран бүтээлийнхээ эхлэлийн талаар бидэнтэй хуваалцаач, шинэ гарсан DVD-нийхээ талаар?
 
Б.Б: Би анх яруу найрагч Н.Баянмөнх ах дээр очиж захиалаад “Нэгэн голын хархүү” гэдэг дууг дуулсан, дараа нь Н.Баянмөнх ах маань Б.Цэрэндагвад зориулж “Хонгор жаахан Дүүриймаа” гэдэг дууг хийж өгсөн. Тэгээд дараа нь бид хоёрт 1990-ээд онд хит болж байсан УГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хослон дуулж олны хүртээл болсон “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дууг дахин хамтран дуулах санал тавьснаар бид хоёр дуулсан. Сүүлд нь ингээд харахаар “Нэгэн голын хархүү” дууг би Б.Цэрэндагвад зориулж дуулаад, “Хонгор Жаахан Дүүриймаа”-г Б.Цэрэндагва надад зориулж дуулсан, тэгээд бид хоёр нийлээд “Сэтгэлийн үг” дууг дуулсан юм шиг уялдаа холбоотой болсон.
 
Б.Ц: Бид хоёр өөрсдийнхөө уран бүтээлүүдээр өнгөрсөн зун 6 сард “Хонгор Жаахан Дүүриймаа” гэсэн теле зохиомж, кино концерт хийсэн. Тэр зохиомжны агуулга нь саяын хэлсэнтэй яг ижилхэн утгатай болсон. Теле зохиомжоо хийхдээ бид хоёр өөр өөрсдийнхөө дуунууддаа тус бүрт нь клип хийлгэсэн. Улмаар дараа нь бүгдийг нь нэгтгэж “Хонгор жаахан Дүүриймаа” гэсэн нийт 5 track-тай DVD гаргасан юм. Энэ DVD-нд маань миний ганцаараа дуулсан Н.Баянмөнхийн үг, хөгжмийн зохиолч Л.Анхбаярын ая “Хурдан хар” гэж дуу мөн багтсан.
 
 
Оюутнууд нь ингээд уран бүтээл хийгээд явахаар сургуулийн багш нар чинь хэр их дэмждэг вэ?
 
Дэмжилгүй яахав, багш хүн болгон шавиараа бахархдаг шүү дээ. Манай багш нар маань бид хоёрыг маш их дэмжиж урам хайрладаг.
 
Уран бүтээлч хүмүүс нэг дуу гаргалаа, нэг CD гаргалаа гээд ханадаггүй, цаашдын амьдралын алхам бүртээ уран бүтээлийг хайж эрэлхийлж явдаг гэж би боддог. Та хоёрыг бас цаашид илүү олон уран бүтээл хүлээж байгаа байх?
 
Б.Ц: Бид хоёрын хувьд бол энэ DVD зөвхөн анхны алхам болж байна. Өнгөрсөн зуны хугацаанд нийт 4 уран бүтээлтэй болно гэдэг бол чамлахааргүй амжилт. Цаашид бид хоёр илүү олон чанартай уран бүтээлүүдийг ард түмэндээ хүргэх зорилготой байнадаа.
 
Та хоёрын хувьд цаашдаа өөрсдийнхөө уран бүтээлийг хийхдээ ямар зарчмаар явах вэ? Нэр алдарт гарсан хэн нэгэн хүнийг түшиглээд шүлэг яруу найргаа аваад, ая хөгжмөө бичүүлээд явах нь чанартай байна уу, эсвэл залуучуудтай хамтарч ажиллахад өгөөжтэй байдаг уу?
 
 
Б.Ц: Бид хоёр бол харьцангуй шинэ хүмүүс л дээ, Гэхдээ аливаа шинэ уран бүтээл яаж ч төрж болдог гэж ойлгодог. Яахав сүүлийн үед дууг яруу найрагч, хөгжмийн зохиолчдын үнэ ханшаар хийлгэдэг болсон гэж ярьдаг. Үнэхээр чанартай байгаад хүмүүст хүрсэн бүтээл болж чадвал тэр захиалсан ч байж болно, хэн нэг яруу найрагч шүлгийг нь бэлэглээд бүтээгдсэн ч байж болно шүү дээ. Бас өнөөдөр бичүүлээд маргааш гардаг дуу ч байна, нилээдгүй удаан хугацаанд бүтээгддэг дуу ч  байдаг.
 
Залуу уран бүтээлчдийн хувьд дуунууддаа клип хийлгээд явахад хөрөнгө санхүүгийн асуудал ихээхэн тулгардаг. Та хоёрын хувьд энэ асуудлыг яаж шийдэж байна вэ?
 
Б.Ц: Одоохондоо өөрсдийнхөө “бор зүрх”-ээрээ л явж байна даа. Аав ээж, ах эгч нарынхаа тусламжийг авдаг мөн нутгийн зарим ах нар маань туслаж байгаа. Цаашид бид хоёрыг уран бүтээлүүдээ хийгээд олонд танигдаад ирэхээр олон байгууллагууд дэмжиж туслах байх аа гэж найдаж байна.
 
Залуу уран бүтээлчид шинэ CD гаргалаа. Одоо үүнийгээ хүмүүст хүргэхийн тулд Улаанбаатар хотын болоод Монголын телевиз, радио, FM-үүдээр цацахад та хоёрт тулгамдсан асуудал гарч байна уу?
 
Б.Б: Дуунуудаа бол бүх FM радиогоор өгсөн л дөө, их уриалгахан хүлээж авцгаасан. Гэсэн ч бас яг хангалттай хэмжээнд бидний уран бүтээлийг явуулж чадахгүй байгаа тал байна. Зарим дуучид мөнгө төлөөд дууныхаа цагийг зоолгодог, бид хоёрт одоохондоо тийм боломжоор хязгаарлагдмал байгааг нуух юун. Гэсэн хэдий ч сайн уран бүтээлүүд хийгээд сонсогчдод хүргэх болно.

Б.Ц:  Сүүлд нь хэлэхэд энэ CD-г гаргахад тусласан аав ээждээ, гэрийнхэндээ, яруу найрагч Н.Баянмөнх ахдаа болон бусад бүх хамтарч тусласан хүмүүст талархсанаа илэрхийлье.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Хонгор жаахан Дүүриймаа" мэндэллээ   
Үзсэн: 4540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-09 00:10
уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Chuluun Naransoyol [203.194.114.xxx] 2014-01-19 19:53
Avyaslag 2 huurhun duudee uran buteeliin amjilt husye! Chadaltai chadvartai evdreegui huurhun aashtai 2 duugiin mini urd zuraisan saihan urt zam gereltej baina URAGSHAA!
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-01-19 19:52
Huuurhun bas avyastai 2shuu AMJILT 200 huvi!!!
76.164.234.xxx [76.164.234.xxx] 2014-01-18 20:58
manai 2 ystoi mundag shuu ok amjilt huseyee

Бидэнтэй нэгдээрэй