Шууд Chart

Нэг цаг тутам 2-3 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрч байна

2017-11-05 16:52:04

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгдсэний 555 нь буюу 64,1 хувь нь Улаанбаатар хотод гарчээ.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 мянга гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ нь Монгол улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм. Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзэлж байна. Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхтэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.

Нийт илрүүлсэн 23 мянга гаруй зөрчлийн:

- 19 мянга орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
- 2500 орчим нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
- 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна.

Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагавруудыг бий болгодог. Иймд тус албанаас дээрх төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор өнгөрсөн Баасан гарагт нийслэлийн гудамж, замд гэнэтийн хяналт шалгалтыг хийж ажиллаа. Хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлэн саатууллаа.

Мөн энэ өдөр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол бүртгэгдсэний 3 нь жолооч, 1 нь явган зорчигч бүртгэгдсэн байна. Танд гэж зөвлөхөд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насаа алдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм.


Нэг цаг тутам 2-3 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрч байна  
Үзсэн: 2155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй