Шууд Chart

Багш нарт үнэтэй бэлэг өгөхийг хоригложээ

2017-11-08 15:57:19

БНСУ-ын сургуулийн насны эцэг эхчүүд жил бүрийн 5 дугаар сард багш нарын баяраар юу бэлэглэх вэ хэмээн санаа зовдог байсан цаг өнгөрч хэдийн нэг жил болоод байна. Энэ нь өнгөрсөн жил батлагдсан шинэ хуулиар үнэтэй бэлэг өгөхийг хориглосны үр дүн юм. Солонгост хүүхдийн суурь боловсролын үнэлгээ маш чухалд тооцогддог тул эцэг эхчүүд багшид нь хүүхдийнхээ талаар сайхан сэтгэл төрүүлэхийн төлөө санаанд оромгүй, олон төрлийн үнэтэй бэлэг өгдөг байжээ. Энэ уламжлалыг зарим хүмүүс нэг төрлийн авлига гэж үздэг байв.

2016 оны 9 дүгээр сарын 28-наас хэрэгжиж эхэлсэн Зүй бус сэдэл төрүүлэх ба авлигыг хориглох хууль нь илүү сайн дүн хүүхдэд тавьсны төлөө бэлэг авдаг багш нар, нэр хүнд дээшлүүлэх, эерэг мэдээллийн төлөө бэлэг авдаг хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хүнд суртал, шат дарааллыг хурдасгахаар бизнес эрхлэгчдээс бэлэг авдаг төрийн албан хаагчдын эсрэг үйлчилдэг юм.

Тус хуулиар гэр бүлийн гишүүдээс бусад хүнээс 36 ам.доллараас дээш үнэтэй хоолоор дайлуулах, 60 ам.доллараас дээш үнэтэй бэлэг авах, 120 ам доллараас дээш үнэ бүхий бэлэн мөнгө, цэцэг, цэцгэн хэлхээг хүлээн авахыг хориглосон байна. Хууль зөрчвөл 3 жил хүртэлх хугацаанд хоригдох болон 30 сая воны торгуулах ялтай юм.

Сөүл хотын Боловсролын ажлын албанаас хийсэн цахим судалгаанд оролцсон 36947 эцэг эхийн 76 хувь, 18101 багш нарын 82 хувь нь шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сургуулийн орчинд онцгой анхаарал хандуулж, харж үзэхийг хүссэн зохисгүй хүсэлтүүд зогссон гэж үзсэн байна. Түүнчлэн өөр нэг судалгаанд оролцсон 1202 хүний 89.4 хувь нь шинэ хууль авлигыг бууруулахад үр дүн үзүүлж байна гэж хариулжээ.


Багш нарт үнэтэй бэлэг өгөхийг хоригложээ  
Үзсэн: 1296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй